АРХАНГАЙ: Шинэ сувилагч нарыг дадлагажуулж гэрчилгээ олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-01-24 15:00:22

Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн эрүүл мэндийн салбарт “Шинэ сувилагчийн сургалтын хөтөлбөр” гурван сарын хугацаатай хэрэгжлээ.


Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон ЖАЙКА Японы Олон улсын байгууллагатай хамтран Эмч болон сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийг 2021-2024 онд хэрэгжүүлсэн.  


Энэ төслийн зорилго нь сувилахуйн цогц чадамжийг боловсруулж, шинэ сувилагчийг ажлын байран дээр нь сургаж дадлагажуулах, төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг шинээр болон шинэчлэн боловсруулах, нэвтрүүлэх замаар төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах юм.


Архангай аймагт тус хөтөлбөр нь 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 01 дүгээр сарын 21-ны хооронд хэрэгжлээ.


Хөтөлбөрийн зорилго нь нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй үзүүлэх цогц чадамж бүхий шинэ сувилагчийг бэлтгэхэд оршсон юм.


Тус хөтөлбөрийг шинэ сувилагчийн суурь сургалт, ажлын байрны сургалт, тойрон сургалт гэсэн үндсэн гурван том бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, бүрэн дүүргэсэн шинэ сувилагч нарт гэрчилгээ гардууллаа.

Связанные новости