ГОВЬ-АЛТАЙ: Байгаль орчны салбарт 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-01-28 14:18:29

Есөнбулаг, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Энэ онд Говь-Алтай аймгийн Байгаль орчны салбарт улсын төсвөөс 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ. 


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нэгдүгээр сарын 27-нд Говь-Алтай аймагт ажиллалаа.


Тэрбээр байгаль орчны салбарын алба хаагчидтай уулзаж, 2024 онд байгаль хамгаалах чиглэлээр хийсэн ажлуудыг үнэлж, үр дүнгийн талаар хэлэлцсэн юм. Үүний сацуу 2025 онд тус аймагт улсын төсвөөр 3 гаруй тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгэхээр шийдвэрлэлээ. Ингэхдээ 15 суманд хөв цөөрөм, ус хуримтлуулах ажлыг 2,5 тэрбум төгрөгөөр, агаарын бохирдлыг хэмжих автомат станцыг Алтай сумын төвд байршуулах, 108 сая мод тарьж ургуулах ажлын хүрээнд ойжуулалт, ойн зурвас байгуулах, заган ойн сэргэн ургалтыг дэмжих, ойн талбайг нэмэгдүүлэх, усны харуулын 3 байр барих, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны байр барих, элсний нүүлт, цөлжилтийг тогтоон барих механик хамгаалалтын ажлыг хийхээр тогтлоо. 


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2025 оныг байгаль орчны салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан тодорхой ажлуудад дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ. 

Связанные новости