БАЯНХОНГОР: Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг Баянхонгорт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-01-29 11:41:36
Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг тус олимпиадын 5 удаагийн аварга багш Б.Баяржаргалын нэрэмжит болгон Баянхонгор аймагт зохион байгуулна.
Баянхонгор аймаг анх 1996 онд Улсын математикийн 32 дугаар олимпиадыг зохион байгуулж, Б.Баяржаргал аварга болж байжээ. Тэгвэл ийнхүү 30 жилийн дараа буюу 2026 онд математикийн улсын олимпиадыг орон нутагтаа зохион байгуулахаар Баянхонгор аймгийн удирдлагууд санаачилга гарган, зохион байгуулах эрхээ аваад байна.

Монголын математикийн олимпиадын хороо нь 1965 оноос хойш улсын хэмжээнд математикийн олимпиад зохион байгуулж байна. Анх ардын багш Л.Шагдар, доцент Д.Ишцэрэн нарын санаачилгаар 1960 онд Улаанбаатар хотын сурагчдын дунд анхны математикийн олимпиад болжээ. Цаашлаад 1965 онд тухайн үеийн Ардын боловсролын яамны тогтоолоор математикийн олимпиадыг үе шаттайгаар улсын хэмжээнд жил бүр тогтмол явуулж байхаар шийдвэрлэсэн байна. 

Ирэх жил зохион байгуулах улсын олимпиадын бэлтгэлийг эртнээс хангах үүднээс Баянхонгор аймгаас төрөн гарсан Монгол Улсын шилдэг математикч, МУИС-ийн багш доктор Г.Баярмагнай, улсын таван удаагийн аварга - шилдэг математикч, "Олонлог" сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг, зөвлөх багш Б.Баяржаргал, "Алгоритм" сургуулийн удирдах зөвлөлийн дарга Ц.Дэлгэрдалай нарын эрдэмтэд төрөлх нутагтаа ирж, математикийн багш нартай уулзаж, заах арга зүйн сургалт хийлээ.
Мөн үеэр аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбатын дэмжлэг дор, Боловсролын газрын дарга Ж.Алтанцэцэг, арга зүйч багш М.Мөнхбат нарын чиглүүлснээр математикийн сургалтын чанарыг сайжруулах дунд болон урт хугацааны төлөвлөгөөг хэлэлцэн товлов. Хэлэлцүүлэгт төвийн ЕБС-ийн захирлууд, ахмад багш нар, боловсролын газрын арга зүйчид оролцож математикийн боловсролын өнөөгийн нөхцөл, цаашдын нөөц боломжоо бодитоор тодорхойлж, үр дүнд хүргэж ажиллах төлөвлөлтөө баталлаа.
2026 оны олимпиадын нэрэмжитээр тодорсон Зөвлөх багш Б.Баяржаргал нь Улсын математикийн олимпиадаас 1996, 1998, 2004, 2005, 2013 онд түрүүлж 5 алт, 2003, 2008, 2012 онд дэд аваргаар шалгарч 3 мөнгөн медаль тус тус хүртсэн Хонгор нутгийн бахархал болсон математикч юм. Улсын математикийн олимпиадын түүхэнд багшийн ангилалд 5 түрүүлсэн хүн хоёр байдгийн нэг нь Б.Баяржаргал юм.
Сонирхуулахад, 2019 онд ЭЕШ-ын аймгуудын нэгтгэсэн дүнгээр Баянхонгор аймаг математикийн хичээлээр шалгуулагчийн хэмжээст оноо /бүрэн оноо 800/-ны дундаж 471.2 байжээ. Энэ нь улсын хэмжээнд сүүл мушгисан дүн байсан бөгөөд дараа жил нь 12-т жагсаж, түүнээс хойш математикийн хичээлээр ЭЕШ-ын хэмжээст оноогоор улсын хэмжээнд дундаж, дунджаас доогуур дүнтэй шалгуулж ирсэн байна. Тэгвэл 2024 онд математикийн хичээлээр 494 сурагч шалгалт өгснөөс дундаж оноо 489 байжээ.
Тус хичээлээр ЭЕШ өгч буй сурагчдын дундаж оноо төдийлөн дээшлэхгүй, сонгон суралцах сурагчдын тоо хангалтгүй байгаатай холбогдуулан хүүхдүүдийн математикт дурлах сэдлийг төрүүлэх, илүү уралдаанч байдлаар суралцуулах зорилтыг орон нутгаас дэвшүүлжээ. Энэ хүрээнд улсын олимпиадыг орон нутагтаа зохион байгуулахаар болсноос гадна математикийн хичээлийн чанарыг ахиулах "Хонгорын математик" үйл ажиллагааг энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаад байна.
Связанные новости