СЭЛЭНГЭ: Ш.Ариунаа: Эх хэлнийхээ онцлог, гайхамшгийг таниулах нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-29 12:56:34

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн монгол хэл бичгийн багш Ш.Ариунаатай ярилцлаа.

 

-Монгол хэлний тухай хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан. Мөн Засгийн газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг баталсан. Энэ үйл ажиллагаанд танай сургуулийн хамт олон, нэн ялангуяа монгол хэлний багш нар ямар оролцоотой ажиллаж байна вэ?

-Дээрх хууль, хөтөлбөрийн хүрээнд манай сургуулийн хамт олон шат дараалсан олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. Өөрийн хамт олон, сурагчдадаа үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх, заах, чадвар олгох тал дээр маш сайн анхаарч ажиллаж байгаа.

 

-Таны тухайд "Мөнхийн зурлага" дугуйлан хичээллүүлдэг байх аа. Хэр өргөжиж байна?

-Сурагчдынхаа үндэсний бичгийн хичээлийг чанартай заах тал дээр анхаарч ажиллахаас гадна "Мөнхийн зурлага" дугуйлангаа амжилттай хичээллүүлж байна. Манай дугуйлангийн хүүхдүүд 2022, 2023 онд Сэлэнгэ аймагт дугуйлангийнхаа үзэсгэлэнг гаргасан. Мөн сумандаа 2 удаа, соёлын өдрүүдээр 2 удаа дугуйлангийн бүтээлийн тайлангаа тавьж, үр дүнгээ сургуулийн нийт сурагч, иргэдэд таниулсан. Энэ ажил маань уламжлал болон хэвшсэн.

 

-Дугуйланд суралцсанаар үндэсний бичгээ сурах хүсэл эрмэлзэл нь улам нэмэгдэж, сонирхол төрснөөр улам сайн сурах алхам нээгддэг болов уу?

-Үндэснийхээ бичгийг сурах хүсэл эрмэлзлийг төрүүлэх зорилгоор дугуйлангийнхаа сурагчдын угалзан бичиг, том, жижиг бийрийн бичиг, дөрвөлжин эвхмэл бичиг, уран зураг, цоолбор хослуулсан бүтээлээ толилуулж байна. Мөнхийн зурлага дугуйлангийн сурагчид 120 хол давсан. Энэ бол үндэсний бичгээ амжилттай сурч байгаагийн нэг илрэл гэж бодож байна.

 

-Сурах, сургах хоёрын үр дүнг чанар хэмээх нэг үзүүлэлтээр хэмждэг. Сургалтын чанарыг дээшлүүлэх, хүүхдүүдийн сурах идэвхийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Үндэсний бичгийн хичээлээ чанаржуулах, унших чадварыг ахиулах тал дээр ихэд анхаардаг. Тухайлбал анги бүрд тайлант уншлагыг зохион байгуулж, ангийн багш, эцэг эхийн хамтын ажиллагааг сайжруулан хоцрогдсон сурагчидтай ахиулах түвшний даалгавар боловсруулан өгдөг.

 

Анх 2 хүүхэдтэй эхэлж байсан дугуйлан минь өнөөдөр олон хүүхэдтэй болж өргөжсөнд маш их баяртай байна. Би ажилдаа дэндүү дуртай. Багш хүн мэдлэгтэй байх нь чухал ч мэдрэмжтэй байх нь хамгийн чухал. Хичээлээ заахаас гадна ангиа сайн удирдах, эцэг эхдээ нөлөөлөх, бусад иргэнд хүртээмжтэй байх, бүх зүйлд оролцоотой байж, тууштай, чин сэтгэлээсээ хандаж үр дүнгээ мэдрэх хамгийн сайхан байдаг. Багшаас маш олон мэдрэмжийг шаарддаг болсон цаг үе юм уу гэж боддог доо. Суралцсаар л байна.

 

-Үндэсний бичгээ хэрэглээ болгох тал дээр хэрхэн ажиллаж байна?

-"Мөнхийн зурлага" дугуйлангийн үе үеийн шавь нар маань дүү нартаа өөрийн сурсан зүйлээ багштайгаа хамтран заадаг. Уг үйл ажиллагаагаар дамжуулан 8-12 дугаар ангийн бүх сурагчид угалзан эвхмэл бичиг бичих аргаас суралцсан. Энэ бичгээрээ анги хамт олноороо сургуульдаа үзэсгэлэн гаргаж сурсан зүйлээ тайлагнадаг. Үндэсний бичгээ хэрэглээгээ болгох, эх хэлнийхээ онцлог гайхамшгийг таниулах, иргэддээ үндэсний дархлааг дэмжих, мэдрүүлэх зорилгоор сумынхаа наадмын өргөмжлөлийг 3 дахь жилдээ хийж өгсөн. Мөн орон нутгийнхаа байгууллагуудад бэлэг дурсгалын зүйл бичиж өгч, эх хэлээ сурталчилсан бүтээлүүдийг туурвиж байгаа.

 

Багш, сурагчдын хамтарч хийсэн бүтээлүүд нь сурагчдыг бүтээлчээр сууж сургах шалгарсан арга. Миний хувьд энэ талаараа МҮОНРТ-ийн "Өглөө" хөтөлбөрт уригдаж, өөрийн ололт амжилтаасаа хуваалцсан. Мөн бид монгол бичигтэн группийг хөтлөн явуулж, унших сэдвийг байрлуулан олон нийтийн үндэсний бичгээ сурах хүсэл эрмэлзлийг төрүүлэхэд нөлөө үзүүлж байгаа.

 

-Монгол хэлний тухай хуульд зааснаар төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулж эхэлсэн. Энд танай сургуулийн хамт олон хэр бэлтгэлтэй байв?

-Манай хамт олон, сурагчид Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сониноо 100 хувь захиалан хичээл сургалтдаа ашиглахаас гадна багш, ажилчид унших чадвараа ахиулах тал дээр анхаарч, хэрэглэж хэвшиж байна. "Хүмүүн бичиг" сониноо 3 давхартаа байрлуулан багш, ажилчид, сурагчид чөлөөтэй авч унших боломжийг бүрдүүлсэн.

 

-Үндэсний бичгээ улам сайн сурах, түгээн дэлгэрүүлэх, бусдад сурталчлах чиглэлээр хийж байгаа ажлаасаа сонирхуулахгүй юу?

-Үндэсний бичгээ сэргээх, улам сайн унших, бичих тал дээр анхаарч нэгдлийн сарын ажлын төлөвлөгөөнд шат дараатай ажлуудыг зохион байгуулж хэвшсэн.

 

“Хэлний дархлаа” аяныг жил бүр зохион байгуулдаг. 2023 онд тус ажлаараа багш нараа баг болгон хувааж унших, бичих, хөрвүүлэх чадварыг сорих уралдаан зохиосноороо үндэсний бичгээ сэргээх, сурах, бататгахад анхаарах, улам илүү судлах хүслийг төрүүлснээрээ онцлог болсон.

 

Хэлний дархлаа-2024”-өөр багш, ажилтнуудын дунд унших, цэвэр сайхан бичих чадвараа сорих, хамтран суралцах чиглэлээр уралдаан зохион байгуулсан.

 

Унших чадварыг сорихдоо танил, танил бус сэдвээс минутаар уншуулан хоёр сэдвийн дунджаар байр эзлүүлсэн. Бичих чадвараа "Хүмүүн бичиг" сонины бичмэл эхээс дуурайн бичих материал өгч сорилоо.

 

Багш, ажилчдын унших чадварын дундаж 71 хувьтай шалгуулсан нь боломжийн түвшинд байна гэж дүгнэсэн. Цаашид 2, 4 дүгээр сард дахин унших, бичих чадварын шалгалт авна. Ахисан түвшнээр шалгаруулах зарчмыг танилцуулан одооноос бэлтгэж байгаа.

-Танд баярлалаа.

Связанные новости