ХӨВСГӨЛ: Мөсний баярыг "Үндэсний хувцас үндэсний брэнд” уриан дор зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр ирэх сарын 13-23-ны өдрүүдэд Хатгал тосгоны Хайчийн аманд болно.
Мөсний баярыг зорин ирж буй хүн бүрд үндэсний хувцсаа өмсөж хэвшүүлэх, хэрэглээ болгох, соёлын үнэт зүйлээ хадгалж хамгаалах, өв соёлоо уламжлуулах зорилгоор “Үндэсний хувцас үндэсний брэнд” уриан дор зохион байгуулна.
Мөсний баярын үеэр “Өвлийн гоёл” үндэсний хувцасны загварын шоу болно.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар өв соёлоо дээдлэн түгээн дэлгэрүүлэх зорилгоор сар бүрийн эхний 7 хоногийн даваа гарагт хүн бүр үндэсний хувцас өмсөх уриалга гарган хэрэгжүүлж байна.
Үндэсний хувцас нь олон зуун жилийг дамжсан баялаг түүхтэй билээ. Зуны улиралд монголчууд тэрлэг, хавар, намрын улиралд хөвөнтэй дээл эсвэл хурган дээл, өвлийн улиралд хонины арьсаар хийсэн цагаан нэхий дээл өмсдөг.
Дээлийг дулаахан байлгахын тулд бүсээр бүсэлдэг байна. Бүсэлсэн бүсэндээ
чухал хэрэгцээтэй хэт хутганы уут, хамрын тамхи, гаансны уут гэх мэт зүйлсийг
тогтоон биедээ авч явдаг байжээ.