ДОРНОГОВЬ: Эрдэнэ сум дөрвөн жил дараалан шилдэг сумаар шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж амжилт гаргасан сумд, байгууллагыг аймгийн ЗДТГ-аас шалгаруулж урамшууллаа.
Аймгийн шилдэг сумаар Замын-Үүд, Сайншанд, Эрдэнэ сум шалгарсан бол аймгийн
шилдэг агентлагаар Эрүүл мэндийн газар, Цагдаагийн
газар, Статистикийн хэлтэс, аймгийн шилдэг байгууллагаар Музей сургалт, судалгааны төв
шалгарчээ.
Эрүүл мэндийн салбарт 2024 онд 141 ширхэг 1,2 тэрбум
төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийж,
эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт 86.4 хувьд хүрснээс лавлагаа
шатлалд 86,6 хувь, анхан шатлалд 86.3
хувьтай байгаа юм.
Эрдэнэ сум 2024 онд улсын төсөв, Азийн хөгжлийн банкны санхүүжилт, аймаг, сумын төсвийн 9,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр давхар иж бүрэн тавилгатай Эрүүл мэндийн төвийн барилга, Соёлын ордон зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийж, иргэдийг ая тухай амьдрах таатай орчныг бүрдүүлжээ.
Сумын Засаг даргын 2020-2024 оны “Хөгжлийн төлөө Эрдэнийхэн хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөрийг 99,23 хувьтай хэрэгжүүлсэн. “Төрийн алба хаагчийн ёс зүй сахилга хариуцлагыг дээдэлсэн төрийн бүтээмжтэй албан хаагчид” төрийн албан хаагчдын зөвлөгөөн, "Айл бүхэн жаргалтай байг" гэр бүлийн зөвлөгөөн, “Хүүхдэд ээлтэй өдөр”, “Хүүхдээ сонсох цаг” өдөрлөг, “Эрдэнэ нутгийн хөгжлийн эзэд” оюутан залуучуудын чуулга уулзалт зэрэг томоохон үйл ажиллагааг орон нутагтаа зохион байгуулж “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 5555 мод тарьж, ногоон байгууламжаа нэмэгдүүлсэн байна.
Харин аймгийн Музей, сургалт судалгааны төв соёлын
өвийг бүртгэх, хадгалах хамгаалах, соёлын олон талт үйлчилгээг иргэдэд хүргэхэд үр дүн гарган ажилласан байна. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумын Засаг дарга,
түүний Тамгын газар, төрийн үйлчилгээний байгууллагуудын ажлын гүйцэтгэл, үр дүнд
хяналт шинжилгээ, үнэлгээ хийж жил бүр дүгнэн ажилладаг уламжлалтай.