Паралимпын хүрэл медальт Э.Содномпэлжээд нэг өрөө байр өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБразилийн Рио Де Жанейро хотноо болсон паралимпд амжилттай оролцож Паурлифтингийн төрлөөр хүрэл медаль хүртсэн Энхбаярын Содномпэлжээг Орхон аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, Эрдэнэт хотын хүндэт тэмдэг, нэг сая төгрөгөөр шагнаж ирэх онд нэг өрөө байр өгөх болсноо дуулгалаа.
Энэ үеэр Засаг дарга Д.Батлут паралимпын тамирчид олимпийн наадамд амжилттай оролцож эх орныхоо алтан соёмбот далбааг Риогийн тэнгэрт мандуулсанд талархаж буйгаа илэрхийлсэн юм. Э.Содномпэлжээ нь паралимпын Паурлифтингийн төрлийн 88 кг-ын жинд өрсөлдөж 210 кг-ыг өргөн хүрэл медаль хүртсэн юм. Тэр 2000 оноос Паурлифтингийн спортоор хичээллэж эхлэн, 2010 оноос олон улсын чанартай тэмцээнд оролцож эхэлсэн байна. Тэрээр ШШГЕГ-ын “Сүлд” спортын хорооны тамирчин бөгөөд Үндэсний шигшээ багийн гишүүн юм.
Э.Содномпэлжээ ирэх онд Арабын нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод болох Паурлифтингийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байна.
Б.Оюун-Эрдэнэ