ЗАВХАН: Сартуул угсаатан галын бурхан, лус савдгаа баярлуулснаар цагаалгаа эхэлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн говийн сумдад амьдардаг сартуул угсаатны сар шинийн хамгийн эхний ёслол нь наран ээж, галын бурхан, Сартуулын цагаан овооны лусыг баярлуулах юм.
Эдгээр сумынхан өдгөө уламжлалт ёсоо нар мандахтай зэрэгцэн үйлдээд нийтийн золголтоо хийдэг.
Энэ үеэр тухайн сумын хамгийн өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүст хадаг барьж золгодог ёс бий.
Хадгийн амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно.
Хадаг авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадгийн хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм.
Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчхаад золгохдоо мэндийг нь асууна.
Сартуул нь Чингис хааны 14-р үеийн удам болох Батмөнх Даян хааны отгон хүү Гэрсэнз Жалайр хунтайж (1513-1549)-ийн зургаадугаар хүү Далдан хөндлөнгийн харьяат болон ирсэн.
Өдгөөг хүртэл түүхт уугуул нутаг усандаа олноороо амьдарч, зарим цөөхүүл нь дайны он жилүүдэд Буриад хүртэл дайжин нүүж очсон байдаг.
Завханы Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Яруу, Алдархаан суманд одоо Цэцэнсартуул овгийнхон аж төрж байна.
"Цэцэн" хэмээн өргөмжилдгийн цаад учир нь сартуул хошууныхан угаас нутаг хошуугаараа цэцэн мэргэн, бичгийн эрдэмд шамдамтгай, гэгээрлийг өндөрт талбидаг ажээ.
Он цагийн эрх, их хааны сүр хүчээр харь газраас Монгол оронд ирж суурьшсан сарт хүмүүс монголчуудтай цус холилдсон хэмээн үздэг нь түүхийн хувьд буруу биш боловч тэд монголчуудтай нэгэн өвөг дээдэстэй. Халх монголын нэгэн бие цус, ураг төрлийн нандин барилдлагатай, гал голомт нэгтэй, нэг онго шүтээнтэй, им тамга, сүлд туг, дуулалтай.
Өөрийн гэсэн түүх, соёлын биет болон биет бус өвтэй, удам судар, уламжлалт зан заншил, ахуй болон оюуны өв соёлоо дээдлэн уламжилсаар ирсэн баатарлаг, ажилсаг, оюунлаг, эх оронч, үндэсний үзэлтэй монгол хүмүүс юм.
Манай орны түүхт Ар Халхын тамгатай 13 хутагтын 8 нь Сартуул овгийн хүн байжээ гэж Завхан аймгийн Музейн тайлбарлагч Х.Оюунцэцэг ярилаа.
