АРХАНГАЙ: Аймгийн музей түүх, археологи, угсаатны зүй, шашны, урлаг уран сайхны цуглуулгуудтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн музей 1947 онд аймгийн орон нутаг судлах кабинет нэртэй 500 гаруй үзмэртэйгээр байгуулагдаж, анхны даргаар нь Гарамжав ажиллаж байжээ.
1967 онд аймгийн орон нутгийг судлах музей болж өргөжин XVII, XVIII зууны үед барьсан Халхын Зая гэгээнтнүүдийн Лаврин, Зүүн, Баруун сэмчин /хуучнаар Заяын хүрээ/ ордонд шилжин орсон байна. Түүхэн хөгжлийн явцад угсаатны, түүхийн, байгалийн, сүм музей гэсэн салбар музейдийг үүсгэн үзмэр цуглуулгын нэр төрөл, цар хүрээгээ өргөтгөн 1997 оноос Архангай аймгийн музей болжээ.
Архангай аймгийн музей нь түүх, археологи,
угсаатны зүй, шашны, урлаг уран сайхны цуглуулгуудтай, өнө эртний хуучин чулуун
зэвсгийн үеэс өнөөг хүртэлх нүүдэлчдийн болоод Архангай нутгийн түүх, соёл, өв
уламжлалыг дэлгэн үзүүлсэн түүх, угсаатан, шашны гэсэн байнгын үзүүллэгийн 5
танхим, түр үзэсгэлэнгийн 2 танхимтай, сан хөмрөгтөө 3800 гаруй үзмэртэй.
• Музейн түүхийн танхим нь Архангай нутгаас олдсон нэн сонирхолтой түүх, археологийн олдвор чулуун зэвсэг, чулуун сав, нүдүүр, хүрэл хазаар, шанага, хүрэл хутга, хүннү ваар, хүрэл тогоо, түрэгийн түрүү хаант улсын үеийн хамгийн эртний дурсгал болох чонын дүрст гэрэлт хөшөө /МЭ VI зуун/, уйгурын үеийн эмэгтэй хүний хувцасны олдвор /МЭ VIII-IX зуун/, монгол цэргийн дуулга, хөө хуяг /XIV-XV зуун/, манжийн үеийн эрүү шүүлтийн хэрэгсэл зэрэг ховор нандин үзмэрүүдтэй.
• Угсаатны танхим нь халх угсаатны бүлгийн онцлог бүхий ахуй, соёлын эд хэрэглэлүүд, гэр, хувцас, гоёл чимэглэл, тоглоом наадгай, хөгжмийн зэмсэг, аж ахуй, малын уналга эдэлгээний хэрэглэл зэрэг баялаг үзмэртэй. Тухайлбал, Архангайнхны дунд уламжлагдаж ирсэн эрт эдүгээгийн шанаган хуур, төрийн их ятга /XIX зуун/, мөсөн шагайн харваа, Далай Чойнхор вангийн хошууны нэрт дархан Ерэнтэй, Чавганц нарын урласан ган сийлбэр хэт бэл, дэвэр, домбо, бойпор, Луу гүний Вандан, Буур Жамъян аваргуудын хэрэглэж байсан эд зүйлс зэрэг үзмэрээрээ онцлогтой.
• Шашны танхим нь халхын Зая бандида гэгээнтнүүдийн өв, заяын хүрээтэй холбогдох түүх соёл, шашин урлагийн дурсгалт зүйлсийг дэлгэн үзүүлж байна. Үүнд Зая гэгээний зандан тамга, мөнгөн бишгүүр, шүүсний хутга, гутал, гантиг өртэй зандан ширээ, толь зэрэг эдэлж хэрэглэж байсан зүйлс багтана.
Архангай аймгийн музейгээр жилд ойролцоогоор 10000 гаруй хүн үйлчлүүлдэг байна.
2018 онд аймгийн Музей угсаатны хоёр танхимыг шинэчлэн дэглэж, 150 гаруй үзмэрийг шилэн хорготой болгосон. Энэ нь үзмэр сонирхож байгаа иргэд, хүүхдүүдэд таатай, сонирхолтой, цэвэрхэн тохилог байхаас гадна үзмэрүүдийн хадгалалт уртсаж, хамгаалалт, аюулгүй байдалд талаасаа сайжирсан байна.