ХӨВСГӨЛ: Хашаандаа мод тарьж ургуулсан өрхөд мөнгөн урамшуулал олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын агаарын бохирдол, хөрсний талхигдал, тоосжилт, салхи, шороон шуурганы сөрөг нөлөөллийг бууруулахад иргэдийн оролцоог дээшлүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор хашаандаа мод тарьсан иргэнийг урамшуулах журмыг Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 4-р хуралдаанаар баталлаа.
Энэхүү журамд иргэд өөрийн хашаандаа өндөр ургадаг мод 5 ширхэг, жимсний мод 5 ширхэг нийт 10 ширхэг мод тарьж ургуулаад нэг мод тутамд 50.000 төгрөгийн урамшуулал олгохоор тусгажээ.
2024 оны байдлаар Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 16321 ширхэг мод байгаа бөгөөд энэхүү журам хэрэгжсэнээр 1 жилд 61,2 хувиар модны тоо нэмэгдэж 2028 онд хашаандаа модтой өрхийн тоо 183,8 хувиар нэмэгдэж 46321 болох боломжтой гэж үзэж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх хэллээ.