ЗАВХАН: Эрт илрүүлгийн хамралт 7.9 хувиар нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилийн байдлаар хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь хоол боловсруулах тогтолцооны өвчлөл байна. Мөн амьсгалын болон зүрх судасны өвчлөл, шээс бэлгийн замын өвчлөл байна.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоог 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улс, орон даяар хийж эхэлсэн.
Хүн амын нас,
хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон
халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг оношилгоо,
шинжилгээнд 35630 иргэнийг хамруулж
аймгийн хэмжээнд эрт илрүүлгийн хамралт 49.1 хувьтай байна.
Үүнээс 17 хүртэлх насны
хүүхэд 75.9 хувь, 18-аас дээш
насны иргэдийн хамралт 34.3 хувь байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрт илрүүлэгт нийт иргэдийн
хамралт 7.9 хувь, 17 хүртэлх насны
хүүхдийн хамралт 10, 18-аас дээш насны иргэдийн хамралт 6.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна гэж
Завхан аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.