ЗАВХАН: Хүүхдүүд Б.Явуухулангийн шүлгийг уран яруу уншиж өрсөлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-03-17 15:19:43

Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан аймагт Бэгзийн Явуухулан мэндэлсний 96 жилийн ойд зориулсан шүлэгч анги шалгаруулах уралдаан болж 275 сурагч оролцжээ.


Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн зохиол бүтээлийг алдаршуулах, хүүхэд өсвөр үеийнхэнд түгээн дэлгэрүүлэхэд энэ тэмцээн ач холбогдолтой. 


Мөн хүүхдийн шүлэг, яруу найраг унших хүсэл мөрөөдлийг дэмжих, авьяас чадварыг нээн илрүүлэх, багаар ажиллах чадвар олгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, урлаг, гоо зүйн мэдлэг олгох,  цахим орчны нөлөөллийг бууруулах зорилготой бөйв. 


Уралдаанд Улиастай сумын ерөнхий боловсролын 5 сургуулийн бага ангийн 11 бүлгийн 275 суралцагч оролцлоо.


Уралдааны тэргүүн байрт  Монгол Улсын гавьяат багш Ж.Алтангэрэлийн нэрэмжит ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн С.Энхжаргал багштай 4а ангийн хамт олон шалгарав

Дэд байрт Дэвшил сургуулийн Ч.Сарантуяа багштай 5б анги, гуравдугаар байрт Лаборатори Чандмань-Эрдэнэ сургуулийн Э.Даваасодном багштай 5г анги, тусгай байрт мөн Чандмань-Эрдэнэ сургуулийн Н.Долгорсүрэн багштай 3а ангийн хамт олон тус тус шалгарчээ.


Энэ удаагийн уралдаанд хүүхдүүд Б.Явуухулангийн “Шүлэг минь Хүлэг минь”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Тэхийн зогсоол”, “Эх орондоо”, “Вансэмбэрүү” гэх мэт 8-аас дээш мөр, шадтай шүлэг уншиж оролцсон байна.


Шүлэгч анги шалгаруулах тэмцээний онцлог нь хүүхдүүд тухайн шүлгийн утга санаанд тохирсон хувцаслалт, үйл хөдлөл, жүжигчилсэн тоглолт үзүүлснээрээ сонирхолтой байв.


Тэмцээнд оролцсон анги, хүүхэд бүр Б.Явуухулангийн шүлгээс өөрсдөө сонгож судалгаа хийж танин мэдсэн байна.

Яруу найрагчийн олон нийтэд танил болоогүй шүлгийг мөн сонгож,  уралдаанд бэлтгэхдээ 2-3 шүлэг илүү цээжилсэн нь сайшаалтай юм. 


Мөн аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн зөвхөн бага ангийн суралцагчийг анги хамт олноор нь оролцуулснаараа онцлогтой гэж Б.Явуухулангийн нэрэмжит аймгийн Төв номын сангаас мэдээлэв. 

Шүлэгч анги шалгаруулах тэмцээний онцлог нь хүүхдүүд тухайн шүлгийн утга санаанд тохирсон хувцаслалт,

үйл хөдлөл, жүжигчилсэн тоглолт үзүүлсэнд байв


 

Связанные новости