М.Андреева Индиан Уэлсийн нээлттэй тэмцээнд түрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 17 /AFP/. Оросын 17 настай теннисчин Мирра Андреева дэлхийн чансааг тэргүүлэгч Арина Соболенкаг 2:6, 6:4, 6:3 харьцаагаар буулган авч, Индиан Уэлсийн нээлттэй тэмцээнд түрүүллээ. Ингэснээр тэрбээр “WTA 1000” ангиллын тэмцээний хоёр дахь түрүүгээ хүртжээ.
Өнгөрсөн сард Дубайд болсон тэмцээнд түрүүлснээр “WTA 1000” тэмцээний
хамгийн залуу аварга болсон М.Андреева
Беларусийн тамирчныг илүүрхсэнээр
энэ долоо хоногт танилцуулах дэлхийн шинэ чансааны зургаадугаарт бичигдэх
төлөвтэй байна.
“Тоглолтын төгсгөл хүртэл өрсөлдөж чадсан өөртөө баярлалаа гэж хэлмээр байна. Арина бөмбөгнүүдийг сум шиг л илгээж, тэдгээрийг гүйцэх үнэхээр хэцүү байсан тул өнөөдөр би туулай шиг л гүйлээ” гэж М.Андреева тоглолтын дараа сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр энэ жил өөрийг нь Брисбен болон Австралийн нээлттэй тэмцээнд хожсон А.Соболенкаг буулган авснаар хатуу хучилттай талбай дахь энэ оны анхны хожлоо авлаа.
Мөн М.Андреева дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдэж буй Ига Свёнтекийг хагас шигшээ шатанд, дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенкаг финалд ялснаар WTA-ийн түүхэнд дэлхийн шилдэг хоёр тоглогчийг нэг тэмцээнд хожсон хамгийн залуу хоёр дахь тоглогч болжээ. Энэ амжилтыг эзэмшигч хамгийн залуу тоглогч бол Америкийн теннисчин Трейси Остин бөгөөд 1979 онд 16 настай байхдаа АНУ-ын нээлттэй тэмцээн болон Фильдерштадтийн тэмцээний үеэр ийм амжилт тогтоож байв.