Пёньянд олон улсын марафон гүйлт болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-04-04 16:53:37

ПЁНЬЯН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /Kyodo/. Умард Солонгосын нийслэлд сүүлийн зургаан жилийн хугацаанд анх удаа болох гэж буй олон улсын марафон гүйлтийн тэмцээнд оролцохоор дэлхийн олон орны сонирхогч тамирчид пүрэв гарагт Бээжингээс Пёньяныг зорьжээ.


Марафон гүйлтийн тэмцээний албан ёсны түнш болох Бээжинд төвтэй Koryo Tours аялал жуулчлалын агентлагийн мэдээлснээр, ням гарагт болох тэмцээнд Их Британи, Герман, Канад, Хятад, Иран зэрэг 45 улсын гүйгчид оролцохоор бүртгүүлсэн байна. Харин Японы иргэд бүртгүүлээгүй ажээ.


Их Британийн нэгэн эрэгтэй гүйгч Бээжингийн нисэх онгоцны буудлаас Пёньяныг зорих нисэх онгоцонд суухаасаа өмнө хэлэхдээ, Умард Солонгост 13 дахь удаагаа очих гэж байгаагаа дурдаад, гадаадын 200 орчим иргэн оролцох марафонд гүйх гэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.


2014 оноос эхлэн сонирхогч гүйгчдэд нээлттэй болсон тус спортын тэмцээн нь бүтэн буюу 42.195 км-ийн марафон, хагас марафон, 10 болон 5 км-ийн гүйлт гэсэн төрлүүдээр явагдана гэж Koryo Toursмэдээлжээ. Энэ тэмцээн хамгийн сүүлд 2019 онд буюу Умард Солонгос COVID-19” цар тахлын улмаас 2020 оны эхээр хилээ хаахаас өмнө болж байсан юм. Түүнээс өмнө жил бүр зохион байгуулдаг байв.


Марафон гүйлтэд оролцогчид Ким Ир Сений нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд болон Пёньяны гудамжуудаар гүйнэ гэж аялал жуулчлалын агентлаг мэдээлжээ. Өмнөд Солонгосын засгийн газрын эх сурвалжийн хэлснээр, энэ жилийн тэмцээнд оролцогчид нийслэлд саяхан баригдсан нэгдсэн эмнэлгийн барилгын хажуугаар гүйж өнгөрөх гэнэ. Марафон гүйлтэд оролцогчдын хоёр дахь хэсэг тамирчид бямба гарагт Бээжингээс Пёньянд ирнэ.

 


Связанные новости