Н.Оюундарь: Монголын онгон дагшин байгаль Польшийн төдийгүй Европын Холбооны бусад улсын иргэдийг ч татах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
-Монгол Улс, Польш Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн өдөрт-
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар тус улсад 2025 оны 3-р сарын 13-14-нд төрийн айлчлал хийсэн билээ. Тус айлчлалын үр дүн, хоёр орны уламжлалт найрсаг харилцааны талаар Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Наваан-Юндэнгийн Оюундариас тодруулсан юм.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 12 жилийн дараа хийсэн
энэ айлчлалын үр дүнгээс та юу юуг онцлох вэ?
-Айлчлалын
хамгийн чухал үр дүн уламжлалт найрсаг харилцаагаа бид иж бүрэн түншлэлийн
харилцаа болголоо.
Айлчлалын нэг хоёрхон хоногийн хугацаанд маш олон ажлыг амжуулсан. Нийт 13 гэрээнд гарын үсэг зурлаа. Үндсэндээ иж бүрэн түншлэлийн
харилцаагаа бид цаашид яаж ахиулах, эдийн засгийнхаа эргэлтийг хэрхэн нэмэгдүүлэх, улс төрийн харилцааг улам бэхжүүлэх, олон улсын тавцанд хоёр улс хоорондоо хэрхэн харилцах гэхчлэн
олон чухал асуудлаар ярилцсан нь энэ
айлчлалын үр дүн байв. Үүнд Польш улсад амьдарч байгаа монгол иргэд ч сэтгэл их өндөр байна.
Польшийн Ерөнхийлөгч Анджей
Дуда өөрөө ч өндөр сэтгэгдэлтэй байлаа.
Морин хуурын чуулгын тоглолтыг Польшийн ард түмэн болон энд он удаан жил амьдарч буй монголчууддаа толилуулсан нь маш их сэтгэл хөдөлгөм үйл явц болсон. Маш олон хүн морин хуурынхаа ая эгшигт сэтгэл нь хөдөлж нүдэндээ нулимстай үзэцгээлээ. Хүн хоорондын ийм амьд харилцааг бий болгож байгаа нь Монгол Улсын төрийн тэргүүний айлчлалын бас нэгэн гол үр дүн байсан гэж бодож байна.
Польшид “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 100 оюутан суралцаж байна.
-Польш нь манай
улс руу хийдэг экспортын хэмжээгээрээ Европын Холбооны Улсад тэргүүлдэг орны
нэг. Айлчлалын хүрээнд болсон хоёр улсын бизнес форумын үр дүнгээс хуваалцна уу?
-Монгол
Улсын 100-гаад бизнесмен оролцсон.
Дөнгөж социализмаас зах
зээлийн чөлөөт нийгэм рүү шилжиж байх үед Монголын маш олон бизнесмен Польшийн зах дээрээс бизнесийнхээ гарааг
эхэлж байсан сонирхолтой түүх байдаг л даа. Одоогоор худалдааны эргэлт 104 сая ам.доллар байгаа. Үүнийг 3-4, болж өгвөл 5 дахин нэмэгдүүлэхийн
төлөө хичээж ажиллах болно. Мэдээж, бидний уламжлалт харилцаатай археологи, палеонтологи, уул уурхайн салбарт маш олон ажлыг хийж хэрэгжүүлнэ. Ялангуяа зэс
боловсруулах, зэс хайлуулах, баяжуулах тал дээр маш олон ажлыг хийнэ.
Түүнчлэн ХАА-н салбарт маш олон ахиц дэвшил гарна байх гэж ойлгож байгаа. Энэ удаагийн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд 7 сайд, Улсын Их Хурлын 10-аад гишүүн ажилласан. Долоон сайдын 4-5 нь 2 талын уулзалт хийсэн. Тухайлбал, ХАА-н сайд. Цаашид Монголынхоо ХАА-г хэрхэн хөгжүүлэх, Польшийн технологи, ноу хау, мэдлэг судалгааг Монголдоо нэвтрүүлэх тал дээр манай ХАА-н салбарт нэлээд ахицтай дэвшилттэй үйл ажиллагаа өрнөх байх гэдэгт итгэлтэй байна.
Өнөөгийн байдлаар, 190-ээд оюутан Польшид сурч байгаа. Мөн "Ерөнхийлөгчийн илгээлт-2100”-гийн хүрээнд олон оюутан суралцаж байна. Тэд бүгд амжилттай, маш
сайн суралцаж байгааг Польшийн тал хэлж байгаа. Монгол оюутнууд энд сурахад Польшийн тал сургалтын зардлыг нь төлж байсан, цаашид амьдрах зардлыг нь мөн шийдэх боломжийн тухай асуудлыг
ярилцацгааж байгаа. Энд ажиллаж, амьдарч байгаа мянга гаруй иргэнээр
дамжуулж хоёр улсын найрамдалт харилцаа улам их бэхэжнэ гэдэгт итгэлтэй байна аа.
Монгол Улсаас ер нь Польшид мянгаад оюутан суралцсан юм билээ. Тэд маань ч гэсэн хоёр улсын хооронд гүүр болж ажиллана гэдэгт итгэлтэй байна.
-Төрийн айлчлал зохион байгуулах нь Элчин сайд хүний ажлын томоохон үзүүлэлт болдог. Энэ удаагийн айлчлалын хоёрхон хоногт маш олон ажлыг амжуулж, хамтын ажиллагааны 13 гэрээнд гарын үсэг зурлаа. Цаашдаа Польшид Монгол Улсыг бүрэн эрхтэй төлөөлж ажиллахдаа та юуг чухалчилж ажиллана гэж төлөвлөж байгаа вэ?
-Мэдээж
харилцааны түвшин ийнхүү ахисан нь их том үзүүлэлт болж байгаа. Үр дүнд
нь бүх тал дээр буюу сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ,
боловсрол, нийгэм эдийн засаг, худалдаа гээд олон салбарт хамтран ажиллах боломжтой болж
байна гэсэн үг. Хамгийн чухал томоохон ололт амжилт
болох зүйл маань Польш улс бидний хамгийн ойр дотнын гуравдагч хөрш болж байна. Түүхээрээ, газар зүйн байршлаараа Монгол, Польш улсуудад ижил төстэй зүйлс бий.
Тэгээд Монгол Улсын дипломат бодлогын бас нэг томоохон хэсэг бол хилийн чанадад амьдарч байгаа монголчуудын эрх ашиг байдаг. Тэгэхээр гадаадад амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллах, хоёр талын харилцааг улам бэхжүүлэхийн төлөө ажиллана.
Зургийн тайлбар: Айлчлалын үеэр, Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын харилцаа, хамтын ажиллагаа,
эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эрхмүүдэд төрийн дээд шагнал, одон,
медаль хүртээв.
-Айлчлалын хүрээнд 13 баримт бичигт гарын үсэг зурсны нэг нь Монголын Үндэсний
мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Польшийн хэвлэлийн агентлагтай хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсан. Тус хэлэлцээрт
Монголын талыг төлөөлж та, Польшийн талаас Хэвлэлийн агентлагийн ерөнхий редактор Войцех
Тумидалски нар гарын үсэг зурсан. Энэ аль хэр ач холбогдолтой бичиг баримт гэж та үзэж
байгаа вэ?
-Маш их ач холбогдолтой бичиг баримт. Яагаад гэхээр, МОНЦАМЭ агентлаг маань Монгол Улсыг дэлхийд сурталчилж, дэлхийн мэдээ мэдээллийг Монголдоо маш шуурхай түгээж байдаг агентлаг гэж би хувь хүнийхээ хувьд боддог. Э.Содонтогос даргатай энэ хамт олон ард иргэддээ зөв зүйтэй мэдээллийг тэнцвэртэй хүргэх ажилд идэвхтэй ажиллаж байгаа.
Монгол Улсын мэдээллийг гадаадад сурталчилна, мэдээлнэ гэдэг нь маш их ач холбогдолтой зүйл юм. Энэ нь зөвхөн худалдааны ч гэдэг юм уу, улс төрийн ач холбогдлоос гадна хүн хоорондын харилцаанд үлэмж ач тусаа өгдөг.
Маш олон жуулчин монгол руу ирэхийг хүснэ, аялал жуулчлалаар дамжуулан Монголын маань эдийн засаг ч нэмэгдэх зэрэг олон
талын ач холбогдол
яг энэ гэрээний үр дүнд биеллээ олно гэж бодож байна.
-Хоёр улсын албан ёсны хэлэлцээрийн дараа Польшийн Ерөнхийлөгч Анджей
Дуда хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө, "Монгол Улстай Польш улс маш олон салбарт хамтарч
ажиллах өргөн
боломж байна" хэмээн тодотгоод аялал жуулчлалын салбарт, тэр
дундаа Монголын сайхан байгалийг сурталчлах тал дээр би өөрөө ч санаачилгатай ажиллана гэж хэлсэн. Польшийн төрийн тэргүүний энэ найрсаг,
дотно үг ямар сайхан боломжийг авчирна гэж та үзэж байна вэ?
-Хамгийн энгийн жишээг ярихад, Морин хуурын чуулга тоглолтын үеэр монголчууд маань ямар их огшив, түүнчлэн олон польш хүн ч догдлолоо нуухгүй байснаас олон зүйлийг харж болохоор байлаа. Танхимын тэр дотоод уур амьсгал маш олон зүйлийг илэрхийлж байсан гэж болно. Зөвхөн соёлоор л ийм их боломжийг Монгол руу нээх бололцоотой байгаа юм чинь, Монголын маань онгон дагшин байгаль Польшийн ард иргэд төдийгүй Европын Холбооны бусад улс орны ард иргэдийг ч татах боломжтой.
Тэгээд Польшийн төрийн тэргүүн өөрөө ингэж уриалж байгаа нь яахын аргагүй Монгол Улс түүнд маш их сэтгэгдэл үлдээснийг илэрхийлж буй болов уу гэж бодож байна.