Энэ оны эхний улиралд улсын хилээр нэвтэрсэн зорчигчдын тоо 290.2 мянгаар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2025-04-16 15:00:24

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хилээр 2025 оны эхний улиралд 1 632.6 мянган (давхардсан тоогоор) зорчигч нэвтэрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 290.2 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.


Эхний улиралд 825.1 мянган зорчигч улсын хилээр орсны 38.1 хувь нь Замын-Yүд, 25.5 хувь нь Чингис хаан, 9 хувь нь Алтанбулаг, 8.6 хувь нь Гашуунсухайт, 4.8 хувь нь Шивээхүрэн, 14 хувь нь бусад боомтоор орсон байна.


Зорчигчдын 699.5 мянга нь Монгол Улсын иргэд, 125.6 мянга нь гадаадын иргэд байгаа юм. Монгол Улсын иргэд 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 142.5 мянга, гадаадын иргэд 14.7 мянгаар нэмэгджээ. Гадаадын зорчигчдын 83.7 мянга нь эрэгтэй, 41.9 мянга нь эмэгтэй аж. Харин насны бүлгээр авч үзвэл 65.9 мянга нь 35-54 насныхан дийлэнх нь байна.


Мөн зорчигчдын 18.8 мянга нь 10 хүртэл хоног, 84.8 мянга нь 30 хүртэл хоног, 1.4 мянга нь 60-90 хүртэлх хоног, 20.6 мянга нь 90-ээс дээш хоногоор зорчжээ. Гадаадын зорчигчдыг бүс нутгаар нь авч үзвэл 60.2 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг, 35.1 хувь нь Европ, 1.9 хувь нь Америк, 1.6 хувь нь Ойрх Дорнод, 1 хувь нь Өмнөд Ази, 0. 2 хувь нь Африк тивийнх байна.


Хилээр орсон гадаадын зорчигчдын 42.6 хувь нь БНХАУ-ынх, 30.6 хувь нь ОХУ-ынх, 8 хувь нь БНСУ-ынх, 2.3 хувь нь Казахстаных, 2.2 хувь нь Японых,14.3 хувь бусад улсын иргэд байна.


Улсын хилээр орсон жуулчдыг 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад, ОХУ-ын жуулчид 4.7 мянга, БНХАУ-ын жуулчид 9.9 мянга, Япон улсын жуулчид 0.4 мянга, Казахстан улсын жуулчид 0.1 мянгаар нэмэгдсэн аж. Харин БНСУ-ын жуулчид 1.4 мянгаар буурчээ.


Манай улсаас гадаад улс руу энэ оны эхний улиралд 688.1 (давхардсан тоогоор) мянган хүн зорчжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 118.1 мянган хүнээр өссөн тоо бөгөөд БНХАУ руу 88.9, ОХУ руу 3.4, БНСУ руу 5.8, Вьетнам руу 7 мянган хүнээр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Гадаадад зорчсон иргэдийн 417.9 мянга нь эрэгтэй, 270.2 мянга нь эмэгтэй байгаа юм. Харин насны бүлгээр нь авч үзвэл 30-54 насныхан 445.3 мянга дийлэнх нь байна. Тэдний 22.2 мянга нь 10 хүртэл хоног, 641.8 мянга нь 30 хүртэл хоног, 3.4 мянга нь 60- 90 хүртэлх хоног, 20.7 мянга нь 90-с дээш хоногоор явжээ.


Эхний улиралд гадаадад зорчсон монгол иргэдийн 20.3 мянга нь албан/бизнесийн, 667.8 мянга нь хувийн зорилгоор явсан аж. Хөдөлмөр эрхлэхээр 143.2 мянга, аялал жуулчлалаар110.3 мянга, бусад зорилгоор 384 мянга нь улсын хилээр гарсан байна. Хөдөлмөр эрхлэхээр хилээр гарсан иргэдийн 141.4 мянга нь БНХАУ руу явжээ. Эдгээрийн 65.3 мянга нь Гашуунсухайт, 33.5 мянга нь Шивээхүрэн, 18.6 мянга нь Бичигт, 25.8 мянга нь бусад боомтоор гарсан байна.


Улсын хилээр энэ оны эхний улиралд (давхардсан тоогоор) 792.4 мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн нь 2024 оны мөн үеийнхээс 75.9 мянгаар нэмэгджээ. Тэдгээрийн 43.6 хувийг ачааны машин,31.8 хувийг ачааны вагон, 21.5  хувийг суудлын машин, 3.1 хувийг бусад тээврийн хэрэгсэл эзэлж байна. Нийт тээврийн хэрэгслийн 45.2 хувь нь Замын-Yүд, 16.4 хувь нь Гашуун сухайт, 8.4 хувь нь Шивээхүрэн, 7 хувь нь Алтанбулаг, 23 хувь нь бусад боомтоор нэвтэрчээ.

Связанные новости