Лаг хатааж шатаах үйлдвэр төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн бүрэн шинжилгээ хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотжилтын эрчим, усны хэрэглээ өссөнтэй холбоотой бохир усны хэмжээ нэмэгдэж Төв цэвэрлэх байгууламжаас гарах лаг экологийн эрсдэл дагуулж байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, лагийг байгаль экологи, хотын иргэдэд сөрөг нөлөөгүйгээр хатааж, шатаан устгах замаар эрчим хүч болгон дахин ашиглах цогц шийдлийг “Лаг хатааж шатаах үйлдвэр” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийг 2025-2027 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгаа бүхий төслийн саналыг хүлээн авч дуусжээ. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, журмын дагуу төслийн бүрэн шинжилгээг хийхээр бэлтгэж байна.
Төслийн ТЭЗҮ-ийг мэргэжлийн байгууллага боловсруулж дуусжээ. Тус үйлдвэрийг хотын төвөөс 12 км зайд төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт барьж, хоногт дунджаар 238 тонн лаг, нийт 843.200 м.куб хаягдмал нөөцтэй байхаар тооцоолжээ.
Үйлдвэр ашиглалтад орсноор лагийг байгалиар нь хатаах аргыг халж, усгүйжүүлэх технологиор хэмжээг нь багасгаж, тодорхой хэсгийг нь үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээнд ашиглан цэвэрлэгээний үйл ажиллагааны өртгийг бууруулах боломж бүрдэх юм.
Байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд тогтвортой менежментийн шийдэл бий болж, лагийн үнэр, хөрс болон усны бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой.
Мөн Туул голын эко системийн эрсдэлийг бууруулж, хотын бохир усны менежментийг олон улсын стандартад нийцүүлэх нөхцөл бүрдэнэ. Цаашдын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний өсөлтийг даах дэд бүтцийн чадавх бүрэн хангах урьдчилсан тооцоо гарчээ.
Ulaanbaatar