ХӨВСГӨЛ: Төв музейд “годон” Дампилийн зодог шуудаг хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-04-17 12:23:56

Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр  сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Төв музейд Годон Дампилийн зодог шуудаг хадгалагдаж байна.


Дампил арслан Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошуу, одоогийн Түнэл сумын нутагт 1860 онд төржээ.

Түүний тухай олон сонирхолтой түүх дурсамж байдаг.


Залуудаа Улиастай орчимд улаа нэхэж байхдаа Улиастайн  /Завхан / амбаны баярт толгойгоороо мөрий тавин барилдаж байсан түүхтэй юм.


1888 онд Даншгийн их наадамд 1064 бөх барилдахад ёс давж, арвын даваанд Дугар аваргад өвдөг шороодсон гэдэг.


1890 онд Даншгийн наадамд 2 дахь удаагаа арвын даваанд унаж, 1893 онд долоо, 1897 онд найм, 1901 онд тав давж байжээ.


Дампил арслан хүнд барьц өгдөггүй, шаламгай хөдөлгөөнтэй, хоёр талаараа сэтгэж тонгордгоороо олонд нэрд гарсан түргэн  шуурхай барилддаг учраас “Годон” Дампил гэж нэрлэсэн байна.


Мөн бөх болох хүнийг сайн ажиглаж таньдаг байсан гэдэг. Тухайлбал Д.Дамдин аваргыг 6 настай байхад нь “Сайн бөх болох хүү байна” гэж хэлж байжээ.


Тэрбээр 1942 онд 82 насандаа өөд болсон бөгөөд түүний барилдахдаа өмсдөг байсан зодог шуудаг Хөвсгөл аймгийн Төв музейд хадгалагдаж байна.

 

Связанные новости