Валютын нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногийнхоос 230 сая ам.доллароор нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-16 17:21:59

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдлын талаар танилцуулав.


Тус ажлын хэсэг Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар тогтоолоор баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ”-г хэрэгжүүлж буй. Экспортын орлого энэ долоо хоногт 278 сая ам.долларт хүрч, өмнөх долоо хоногийнхоос 17 хувиар өссөн аж. Энэхүү өсөлтөд нүүрсний экспорт 1.9 сая.тоннд хүрч, 25 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.


Гашуунсухайт боомтын хувьд нүүрсний овоолгын хэмжээ өндөр хэвээр байгаа боловч сүүлийн долоо хоногт БНХАУ-ын татан авалт нэмэгдсэн, цаашид сайжрах төлөвтэй байна. Шивээхүрэн боомтоор өнгөрсөн долоо хоногт нийт 758 мянган.тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая.тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан ба ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэх холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна. 


Уул уурхайн биржийн арилжаа өнгөрсөн долоо хоногт нийт 480 мянган тонн нүүрс худалдаалж, он гарснаас хойших хамгийн өндөр арилжаа хийжээ. Бусад уул уурхайн бүтээгдэхүүнүүд болох зэсийн баямжал, төмрийн хүдрийн экспортын хэмжээ үргэлжлэн нэмэгдэж байна. Зэсийн баяжмалын экспорт 42 мян.тн болж өмнөх долоо хоногоос 2 хувиар, төмрийн хүдрийн экспорт 177 мян.тн болж 14 хувиар тус тус өслөө. 


Гадаад валютын албан нөөц энэ сарын 15-ны өдрийн байдлаар 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногийнхоос 230 гаруй сая ам.доллараар нэмэгдлээ. Улмаар гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд ажлын хэсгээс цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар танилцуулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд ногоон гарц, боомтын бүс нутагт газар олгох, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

Связанные новости