ХӨВСГӨЛ: Шинэ хөдөө төслийн хүрээнд 350 ажлын байр бий болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-04-17 12:56:04

Мөрөн, 2025 оны  дөрөвдүгээр  сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Газар тариалан эрхлэгчдийн уулзалт хэлэлцүүлэг боллоо.


Энэ үеэр “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы талаар мэдээлэл авч, тулгамдаж буй асуудлууд болон шинэ санал санаачилгаа хуваалцлаа.


Тус аяныг 2025-2029 онд хэрэгжүүлж, 200 мянган га талбайг шинээр эргэлтэд оруулж, 1.2 сая га-д тариалалт хийхээр зорьж байгаа бөгөөд бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж хэрэгжүүлэх юм.


Мөн хөдөөгийн сэргэлт, нийслэлийн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хотоос хөдөөд шилжиж буй залуу гэр бүлүүдэд газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлж, орон сууцжуулалтын бодлогыг уялдуулахаар төлөвлөжээ.


Хойд бүсийн хувьд тэргүүлэгч чиглэлүүдийн нэг нь хөдөө аж ахуй. Энэ утгаараа Хөвсгөл аймагт 2022 оноос "Шинэ хөдөө" төслийг санаачлан хэрэгжүүлж, 350 орчим ажлын байр аймгийн хэмжээнд бий болсон гэдгийг Хөвсгөл аймгийн ХХААГ-ын дарга Я.Эрхэмбаяр ярилаа.




Хөвсгөл аймгийн хэмжээнд орон нутагт улаан буудайн хэрэгцээг 100 хувь, төмсний 65 хувь, хүнсний ногооны 40 хувийг дотоодын ургацаас хангахыг зорин ажиллаж байна.


Газар тариалангийн чиглэлээр 30 аж ахуйн нэгж, иргэн газар тариалан эрхлэгчид тоног төхөөрөмжөө шинэчлэн, ажлын байраа нэмэгдүүлж, 2024 онд улаан буудай, хүнсний ногооны тариалалт нэмэгдсэн үр дүн гарчээ.

 





Связанные новости