СЭЛЭНГЭ: Мандал сумыг томоохон хот суурин болгон хөгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны дөрөвдүгээр сарын 21
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Матриц нарны мандал” ХХК
2000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Засгийн газрын бүсчилсэн хөгжил, хөдөө орон нутгийг хөгжүүлэх, орон сууцжуулах бодлогын хүрээнд “Тайж групп” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар уг төслийг хэрэгжүүлэх юм.
Төслийн хүрээнд 2000 айлын
орон сууцыг 80 блок, 4 давхар, 2 орцтой барихаар төлөвлөсөн байна.
Зөвхөн орон сууц гэхгүй олон улсын стандартад нийцсэн сургууль, цэцэрлэгийн асуудлыг ч шийдэх талаар төслийн хүрээнд яригдаж байгаа хэмээн Мандал сумын Засаг даргын орлогч Э.Баярхүү ярилаа.
Мандал сум нь Монгол Улсын хамгийн
том, хүн амын нягтрал ихтэй, замын транзит дагуу гэдгээрээ онцлогтой юм.
Тус сум нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө маш өөдрөгөөр төсөөлөн төлөвлөж, томоохон суурин болж цаашид хөгжих боломжтой учраас энэ орон сууцжуулах төслийг бодлогын хэмжээнд дэмжин ажиллахаар болсон хэмээн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүү ярилаа.
Энэхүү ажлын хүрээнд өнгөрсөн бямба гарагт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүүгээр ахлуулсан ажлын баг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунсанаа, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны салбарын хөгжил, орон сууцжуулалтын бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Адьяабаатар, “Тайж Групп” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Ганпүрэв нар Мандал суманд ажиллалаа.