СЭЛЭНГЭ: Хавар хамгийн түрүүнд "айлчилдаг" яргуйн онцлог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр
сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол
Улсын хойд хилийн боомт, Сэлэнгэ нутагт хавар, яргуй хоёр хамгийн түрүүнд
айлчлан ирдгээрээ онцлог юм.
Хаврын түрүүчээр цасан дороос түрэн ургах яргуйг энэ нутгаас олонтоо үзнэ. Энэ бол Сэлэнгэ нутгийн, газар тариалангийн бүс нутгийн бас нэгэн онцлог буй заа.
Сэлэнгэд яргуй эрт ирдгээрээ онцлог болохоос энэхүү сайхан ургамлын ач тус ургасан газар бүрдээ мэдээж ижил. Эрт дээр үеэс монголчууд яргуйг арьсны янз бүрийн шарх, үрэвсэлт өвчний үед, мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл зэрэгт хэрэглэж байсан гэдэг. Мөн аливаа хорыг тайлах, хүний биеийн хэмийг бариулах, сүрьеэ, хөхүүл ханиад зэрэгт хэрэглэдэг гэлцдэг ч далтай ч яргуйны анагаах, сэргээх увдисыг шинжлэх ухааны түвшинд нотолсон зүйл одоогоор байдаггүй аж.
Тэгэхээр яргуй идэх нь үнэхээр сайн, эсвэл муу талаар анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийн өгүүлснийг хуваалцъя.
-Улаанбаатар хотын “Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан, “Монгол анагаах ухаанаар бол яргуй
нь халуун чанартай, цус бага зэрэг шингэлдэг гэж батлагдсан. Тэгэхээр цусаа
шингэлэх гэж байгаа бол заавал яргуй идэж ходоод гэдсээ шархлуулж байснаас
аспирин уучихаж болно гэж хэлмээр байна. Яргуй их халуун чанартай ургамал.
Тэгэхээр хордож харшил авч болно” хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.
-Монгол Улсын гавьяат эмч, “Оточ Одь” эмнэлгийн ерөнхий захирал П.Баатар, “Хавар болоход хүмүүс шинэ гарсан яргуй идвэл хүч тамир орно гэлцдэг. Гэхдээ ургаж гүйцээгүй, хор нь гараагүй байхад яргуйг идсэн ихэнх тохиолдолд могойн яр өвчин тусдаг. Монголчууд үүнийг лусын өвчин ч гэдэг. Тэгэхээр наанадаж тухайн ургамлын хор нь гарсны дараа зүй зохистой хэрэглэх хэрэгтэй.
Эмийн ургамал бүр өөр өөрийн гэсэн амт чанар нь тод буух цаг үед нь түүж хэрэглэвэл үр өгөөжөө өгдөг. Ганцхан түүлтээр идэх нь долоон тамир, гурван хий, таван махбоддоо өөрчлөлт оруулах сөрөг талтай.
Яргуйг зүгээр нэг түүгээд идээд байж болохгүй. Долоо, найм, есөн яргуйг нэг дор түүж идвэл хоолойны ангина болон зарим өвчинд сайн гэж хүмүүс хошуурдаг. Мөн яргуй идсэн малын мах, гөрөөсний цус сайн гэж ууж, идэх гэж тэмүүлэх нь их болжээ. Ингэж байгаа нь тун харамсалтай юм. Яргуй идсэн ямааны махыг борцолж шөлтэй хоол, цайндаа чимх чимхээр хийж иддэг эртний мэргэдийн ёс уламжлалд байдаг. Энэ л хамгийн шилдэг, зөв арга” хэмээжээ.
МОНГОЛ ОРОНД 6 ЗҮЙЛИЙН ЯРГУЙ УРГАДАГ
Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу сэрүүн бүсэд нийт
35 зүйлийн яргуй ургадаг байна. Эдгээрээс зургаан зүйлийнх нь монгол оронд ургадгийг эрдэмтэд судалсан байна.
Үүний талаар МУИС-ийн багш доктор, профессор Д.Суран, "Яргуй хаа сайгүй тохиолддог ч энд тэндхийн жалга хөндий, мөн говьд ховор ургадаг. Эдгээр 6 зүйл яргуйны тав нь хөх, нэг нь шар цэцэгтэй ч хоорондоо ялгарах онцлог байдаггүй. Хөрсний гадаргын градус өдөртөө +5, шөнөдөө 0 болсон тохиолдолд яргуй дэлгэрэх нөхцөл бүрддэг байна.
-Ээдрээт яргуй. Үүний үндэс орчмын навч нь өдлөг, үзүүр тал руугаа салбарласан байдаг байна. Энэ
яргуй элсэрхэг, эргийн хайрга, нуга, чулуурхаг хажуу,
ойн цоорхойд ургадаггүй аж. Учир нь хөрсөө голж
байгаа нь тэр юм. Иймээс түүнийг ээдрээт хэмээн нэрлэжээ. Энэ ээдрээт яргуй нь хортойд тооцогддог байна. Үүнийг бог мал идэх нь элбэг аж.
-Хөх яргуй нь бидний сайн танил. Бутаар ургадаг бөгөөд ээдрээтээс эрс өөр юм. Тухайлбал, байц цохио, чулуурхаг хайргатай,
хуурай газар ургадаг байна. Энэ хөх яргуйнд ямаа хамгийн дуртай.
Яргуй хэдийгээр богино хугацаанд дэлбээлээд хагдардаг боловч хур бороо элбэгтэй жил намар эргээд ургадаг сонин цэцэг юм. Үүнийг яргуй хэнзлэх хэмээн нэрийддэг байна.
Яргуйг уламжлалт анагаах ухаанд эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр иржээ.
Ингэж хэрэглэхдээ уг ургамлын газар дээрх хэсэг буюу цэцгийг хатааж хэрэглэдэг
байна. Монголчууд яргуйг ургаж эхлэх үед
нь идэж хэрэглэдэг боловч нэг дор олноор идвэл эм биш хор болдог хэмээдэг.
Хүн болгон яргуйг хэрэглэж бас болохгүй. Тухайлбал яргуй нь ходоод гэдэсний өвчтэй хүн, жирэмсэн эхчүүд, ходоодны
ил шархлаатай, элэгний хатууралтай /цирроз/ хүмүүс хэрэглэж болохгүй гэсэн заалттай” гэж тэмдэглэсэн байна.
Тиймээс тэсгэм өвлийг даван, хаврын хуйсгануур улиралтай золгохдоо сульдаж, ядарсан хүн, малыг тэнхрүүлэх, тэдэнд ашиг шимээ өгөх гэж яаран ирж, бүхнээс түрүүлж ургадаг нь яргуйн онцлог ч юм уу?
-Холтсон
цэцэгтний овгийн шар яргуй нь ойт хээрийн бүсийн уулын орой орчмын урд энгэр,
ойн цоорхойд голчлон ургадаг. Уулын орой орчмын урд энгэрт хөх яргуйтай
холилдон ургасан байх нь олонтой. Ихэвчлэн 8-аас 20 см өндөр багцаараа ургадаг
онцлогтой.