Г.Энхбаатар: Уртын дуу бол монгол ахуй, монгол ухаан, монгол авьяасаас төрсөн монгол түмний шижир өв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2025-04-21 16:09:13

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Үндэсний Урлагийн Их Театрын уртын дуучин, МУГЖ, шагайн харвааны Монгол Улсын мэргэн, өв тээгч Г.Энхбаатартай ярилцлаа.


Архангай аймгийн Хотонт сумын уугуул тэрбээр ҮУИТ-ын уртын дуучнаар ажиллаж, олон сайхан уртын дууг амилуулан эгшиглүүлж байгаа уран бүтээлч юм. Түүнийг 2022 онд уртын дууны "Төв халх ая дан-г гаргаж дуулдаг өв тээгчээр бүртгэжээ. Г.Энхбаатарын дуулсан "Ар хөвчийн унага", "Тунгалаг тамир", "Жаахан шарга", "Өвгөн шувуу хоёр", "Дуртмал сайхан", "Зээргэнэтийн шил", "Цэвцгэр хурдан шарга", "Нарийн сайхан хээр", "Хүрэн толгойн сүүдэр" зэрэг олон сайхан уртын дуунууд өвөрмөгц, өөрийн гэсэн онцлогтой хөг аялгуу, нугалаа шуранхайгаараа хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөж чаддаг билээ.          


-Манай урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та багадаа “Алиа саарал” уртын дууг анхлан сурч,  энэ дууг дуулах их дуртай байсан тухайгаа дурсан ярьсан байсан. Тэгэхэд та хэдэн настай байв?

-15, 16-тай байсан юм уу даа. Адуундаа мордоод л давхина. Яагаад ч юм “Алиа саарал" дууг их аялдаг байсан юм. Үгийг нь их шохоорхож байсан юм уу даа.

 -Алиа саарлыг  уная гэсэн юм аа хө 

Айлын адуунд нь хулжаагаад алдав аа хө 

Амраг хүүдээ очъё доо гэсэн юм аа хө

Айлын багачуул нь шоолоод горьгүй нь дээ  хө гээд... Охид шохоорхох насан дээрээ явж байсан болохоор сайхан санагдаад, ямар сонин юм, хошин ч юм гэж боддог байжээ. Тэр дууны үгэнд их л дурлаж байсан. Тэгээд л “Алиа саарал” дууг ер нь  морь унах бүрдээ л аялах дуртай байлаа.


-Та аялж үзүүлээч?

-“Алиа саарал” гэдэг дууг манай алтан үеийн дуучид өөр өөрийнхөөрөө сайхан дуулсан байдаг. Янз бүрийн л аялгуугаар байдаг даа. Ихэвчлэн халх аялгуугаар  дуулагддаг ч  дотроо бас өөр өөр. Солийн Цоодол гуай их ганган аялсан. Нямлхагва гуай сайхан намрын орой  морин дэл дээр хугас тагш юм уучихаад л халамцуухан явж байгаа юм шиг гоё гэгэлзүүлэн аялдаг. Би  С.Цоодол гуайн аялснаар нэг аялъя. Цоодол гуайн барил, дэг нь их сонин л доо. Яг тэр дэгээр дуулж байгаа нь ховор байдаг юм.  Их дээрээс эхэлнэ. Гэхдээ их донжтой. /“Алиа саарал”  дууг аялав, сурв/


- Нямлхагва гуайнх өөр л дөө. Доороос уугиад л байгаа мэт. Уул нь хоёулаа л Өвөрхангай л хүмүүс шүү дээ...

/“Алиа саарал”  дууг аялав, сурв/

-Нэг иймэрхүү .... татаж тавиад байгаа юм шиг.... сайхан нуруулаг. Гэтэл  С.Цоодол гуайнх болохоор донж нь өөр байгаа биз. Орхиод л байгаа мэт, хүний сонирхлыг татахуйц их  өвөрмөц. Хүн хүний дэг өөр л дөө.


-Манай Монголын алдарт кино “Тунгалаг Тамир” дээр цахиур Төмөр морьтой явж байхдаа “Эрдэнэ засгийн унага”-ыг аялах дуртай гэдэг. Та багадаа “Алиа саарлыг“ аялдаг байсан бол одоо ямар дуу дуулах дуртай вэ? 

-“Нарийн сайхан хээр” их сайхан. Ер нь л нутаг нугадаа очихоороо аялчихмаар л санагдаад байдаг. Сайхан дуу л даа. Монгол хүн эх, эцгээс төрөөд хүлгийн нуруун дээр гардаг. Хөдөө ч төрсөн болохоор тэр үү,  дандаа тэгж хардаг шүү дээ. Ер нь Монголынхоо сайхан тал нутагт дураараа, морин дэл дээр байнга исгэрүүлж л явдаг. “Тунгалаг Тамир” кинон дээр Цахиур Төмөр “Эрдэнэ засгийн унага“ дуу,  нутаг минь, хүлэг минь хүртэл надад хань болдог гэж ярьдаг шиг.  Ер нь, урт аялгуу гэдэг хүний энергийн дээд цэгээс гардаг. Тиймээс уртын дуу гэдэг бол авшигтай, яах аргагүй амьтай юм.


-Уртын дуу гээд ярих юм бол урт аялгуутай гэдгээр нь авч үздэг. "Уртын" гэдэг энэ үгэнд өөр нэг утга агуулга бас бий. Тэр тухай та сайхан тайлбарлах байх?

-Зарим хүн уртын дуунд үг байдаг юм уу гэж асуудаг. Аа, ээ, ии, оо  л гээд байх юм гэцгээдэг. Настай хөгшин хүний дуулдаг дуу гэхчлэн ярих нь ч бий. Гэтэл үг бүр нь философитой. Ер нь шигшигдэж ирсэн шигшмэл дуу юм. Монгол хэл, жаягтаа тулгуурласан урт аялгуу, философио тэр сайхан дууныхаа үгэнд нууж хадгалж ирсэн байна. Энэ бас их том ухаан шүү.


-Уртын дуу гэдэг нэршлийг маш эрт үед үүссэн гэсэн агуулгаар нь зарим эрдэмтэд тайлбарласан байсан ...?

-Уртын дууг Хүннүгийн үеэс эхтэй гэдэг шүү дээ. Сайхан, шавхагдашгүй баялаг урлаг юм даа.


-Италийн серенада, Японы загасчны дуу зэрэг их эрт үүссэн гэж үздэг дуунууд байна. Тэгвэл манай ардын уртын дуу хэзээ үүссэн бэ?

 -Хүн үүссэн тэр цаг үед уртын дуу дуулдаг байсан гэхэд хэцүү боловч хүлгийн нуруун дээр гарч, гаршуулж эхэлснээс хойш уртын дуу үүсэж хөгжин, он цагийг элээж, улам боловсронгуй болж ирсэн гэж боддог.


-Уртын дууг дуулах арга барил, дэг жаяг гэж бий. Тэгвэл уртын дууг дуулах дэг ёсонд хаана, хэзээ, яаж дуулах ёстой вэ гээд нарийн зүйл олон байдаг уу?

-Тэгэлгүй яах вэ, энэ дэг гэдэг их чухал. Халхын том том, сайхан дэг байлаа. Хардэл Ван, То вангийн дэг гэхчлэн. То вангийн дэгээр уртын дууч хүнийг багаас нь бэлддэг байжээ. Тэр хүнд хоолойгоо яаж арчлах, улиралдаа хэрхэн зохицож явах гэхчлэн, яг л “Богд тодорлоо” гэдэг шиг бүх зүйлийг нь зааж өгдөг байжээ. Энэ дэгийг Гэсэржаагийн Дамчаа гэж том дуучин өвлөн авч явж ирсэн. Тэр хүнээс хойш  Чулуунбаатарын Шархүүхэн эгч  энэ дэгийг өвлөн  авч ирсэн. Шараа эгч тэр хүний отгон шавь байлаа. Шараа эгчээс өвлөж үлдэж байгаа хүн харамсалтай нь байхгүй байх аа.

Хоолой өвдөхөд дэгд өвсөөр эдгээх гэх мэт энгийн зүйлсээс эхлэн заадаг.


Уртын дуучин багаасаа биеэ яаж авах ёстойг ч мөн заадаг. Өнөөгийн нийгэмд "Уртын дуучин" гэж ямар хүнийг хэлэх тухай хэлэлцэж байна. Тэгвэл тэр дэгийг эзэмшсэн хүнийг л хэлэх нь байна шүү дээ .


Цаашлаад төрийн дуучин болно.  Хор нь гарсан хүн гэж дэг сурсан хүнийг хэлнэ дээ.


-Их сонирхолтой юм. Та СУИС-ийг уртын дуучин мэргэжлээр төгссөн. Мэдээж танд сонгодог урлагийн хичээл орж байсан байх. Өнөөдөр дэлхийн олон орны дуучид дуурь дуулж байна. Ер нь уртын дуу, дуурь хоёрын ялгаа юу вэ?

-Багш маань уртын дуу бол хүн яг ярьж байгаа юм шиг өөрийнхөө тембрээр дуулах ёстой, аливаа нэгэн албадан шахалтаар тембр гаргаж дуулж болохгүй. Тэгж гэмээн “ардын”,”язгуур” гэж ялгарч гарч ирнэ гэдэг байсан. Түүнээс бол дуугарахын хувьд аливаа юмыг дуурайж дуугарч болно. Тэр баруунд байгаа дуурийн дуу гэдэг сонгодог хэлбэрээр, ямар амны хайрцгаар, хамгийн чангаар дуугарвал хамгийн хол зайд сонсогдох вэ гэдгийг судалж байгаад гаргасан зүйл. Харин ардын дууг дуулж байхад тойрон хүрээлж найрлаж байдаг. Дуулахдаа үлгэр домгийг хүүрнэж байгаа мэт сайхан ярьж өгдөг, өөрөөр хэлбэл аялгуугаараа түүх домог хүүрнээд байгаа юм. Тиймээс тэр барилыг нь алдаж болохгүй. Үүгээрээ ялгаатай гэж багш маань ярьдаг байсан.


-Орчин цагийн рок поп хөгжмийн түүхэнд уртын дууг рок поптой хослуулсан анхны хамтлаг бол Германы “Энигма”. А.Нэргүй гуай энэ хамтлагтай хамтран уртын дуугаа сайхан дуулдаг шүү дээ. Ингэж хослуулж дуулбал залуучуудад илүү хүрэх, сонирхох  болов уу гэж бодогдох юм. Энэ талаар та юу гэж үздэг вэ?

-Би бол зөрүүд хүн биш. Гэхдээ нэг шугамыг л барихыг хичээдэг. Уртын дуундаа үнэнч байя л гэж боддог юм. Монголдоо өвлөгдсөн, үргэлж Монгол гэдэг тодотгол өмнө нь явдаг өвгөдийнхөө сайхан урлагийг гажаачихгүй юм сан, энэ чигээр нь л аваад үлдье гэж бодож явдаг. Ийм сэтгэлтэй, санаатай бас олон хүн байдаг байлгүй дээ. Өнөө цагт янз бүрийн хөгжим ритмд оруулаад, уртын дууг холиод, янз бүрийн жанраар дуулж байна. Өнөө маргаашаа бодож болно. Гэхдээ язгуур нь /уртын дуугаа хэлж байна/ ховор, тэр шигтгээ болсон зүйл  нь хөрсөндөө хадгалагдаж үлдээсэй л гэж боддог.


-А.Нэргүй гуай Германы хамтлагтай хамт дуулахдаа уртын дуугаа яг байгаагаар нь дуулсан. Ямарваа нэгэн өөрчлөлт хийгээгүй. Харин Германы “Энигма” хамтлаг цаана нь ая дэвсэж сайхан найруулсан бүтээл шүү дээ?

-Студи рүү оруулаад л та нутгийнхаа дууг, монгол дуугаа дуулаад өгөөч гэсэн гэнэ билээ. Тэгээд л ямар ч хөгжим байхгүй зүгээр л дуулчихаад гараад явсан. Дараа нь ард нь хөгжим дэвсээд л эвлүүлээд хийчихсэн. Тэр нь тэр үедээ их сонин содон сонсогдсон гэж Нэргүй гуай өөрөө ярьж байсан л даа.


-Та сая яриандаа уртын дуугаа хадгалах, авч явах тухай ярилаа. Зургаан мянга орчим уртын дуу байсан гэж судлаачид гаргажээ. Тэдгээрээс 60 орчим нь өргөн дэлгэрсэн байна. Гэтэл манай сонгодог урлагийн нэртэй хөгжимчин уртын дууг хоцрогдсон гэж ярьсан байсан. Уртын дуу хоцрогдсон уу?

-Уртын дуучид шинээр гарч ирэхгүй байна л гээд байна. Уртын дуучныг сургадаг ч юм биш, цаанаасаа төрдөг л юм. Миний бодож явдаг бас нэг зүйл байгаа. Яагаад өнөө цагт уртын дуучин ховордоод байна вэ гэхээр тайзны урлаг үүсээд, танхимын сургалт бий болсонтой холбоотой. Мэдээж дөрвөн хананы дунд, тэр баригдмал орчинд хүн мэлмийгээрээ юу харж, юу төсөөлж дуулах вэ дээ.

“Шавь сургалт” гэж дээхэн үед  гэр сургалтаар заадаг байжээ. Хээр очиж сургадаг, уулын толгой дээр гараад агаар, салхи амьсгалж байгаад заадаг байсан. Одоо тэгж заах хэрэгтэй байна.

Гэтэл танхимын сургалттай болчихоод дуучин төрөхгүй байна уу даа гэж бодогдож байна.


-Тэгэхээр уртын дууны тэр хөг, аялгууг гаргах мэдрэмжийг танхимд бүрдүүлэхэд хэцүү гэж  хэлэх гээд байна уу?

- Хүн аливаа юманд дурладаг, гэхдээ дурлахын тулд хүн харна. Сайхан адуу, сайхан байгалийг хараад хүний дотроос нь аялгуу гарна шүү дээ. Түүнээс хана руу харж байгаад л, ямар нэгэн зүйлийг мэдрэхгүйгээр уртын дууг дуулж сурахад хэцүү.


-Гадаад, дотоодын дуурийн дуучид дуулж байхдаа маш их ачаалал авдаг гэж ярьдаг. Тэгвэл уртын дуу дуулахад ямар байдаг вэ. Хуучны хүмүүсийн, хөгжим судлаачдын яриаг сонсоход нэг уртын дууг бүтэн дуулахад гурван өдөр  болдог байсан гэдэг. Та хамгийн олон цагаар хэзээ, ямар дуу дуулж байв?

- Нөгөө “Гэр сургалт” гэдгээс чинь л үүсэлтэй юм. Найр хурим, найр наадам дээр л тэр чанар, чансаа нь харагддаг байжээ. Би Монгол Улсын гавьяат багш Ц.Дэлгэр багшийн шавь л даа. Багштай хамт бэлтгэл курст байхдаа би найранд Дундговь аймаг руу явлаа. Охин нь /гэрлээд/ айлд очоод...

Тэнд очоод гурван өдөр найрлалаа. Би чинь бэлтгэл курсийн оюутан. Хорь, гучин дуу мэднэ гээд дотроо бодоод явахгүй юу. Тэгсэн эхний өдөр, үдээс өмнө миний дуу дуусчихлаа.


Юун “Дархан хул”-аа хөдөлгөх /найр эхэлснээс хойш гурван өдрийн дараа найр өндөрлөж байгааг найр удирдаж байгаа ловон зарлаж, хойморт залсан хултай айргийг хөдөлгөхийг хэлнэ/. Хүмүүс дуу дуулахаар л зэрэг түрнэ. Нэг дуучин гурван дуугаа дуулчихаад буцаад сууна. Тэгтэл багш маань дууллаа. Хүмүүс нийлээд багш нэг дууны гурван түрлэг дуулчихаад л суув.  Харин би гурван өөр дуу дуулчихаад л суугаад байсан учир миний дуу дороо дуусчихсан л даа. Тэгэхэд л би энэ уртын дуу гэдэг чинь ямар агуу юм бэ, дээр үеийн найр хуримд гурван өдөр дуулж байсан хүмүүс ямар их аугаа хүмүүс байсан юм бэ гэж бодож байлаа.

Ямар их дууч хүмүүс вэ гэж.... “Жаахан шарга” дуу гэхэд л 130 шад шүлэгтэй. Тэр чинь одоо хэдэн түрлэг болох вэ. Тиймээс бид одоо дууны түрлэгийг нь гүйцээж дуулж сурах хэрэгтэй болоод байгаа юм.

“Нэг  дуу заалаа. Хоолоо олоод иднэ биз дээ” гэж багш хэлж байгаа нь гурван өдрийн найрын дууг хэлээд байж шүү дээ. Тэр нэг дуу чинь түрлэгийг нь гүйцээвэл гурван өдрийн найрын дуу болно л доо. Бид  гэтэл бүтэн мэдэхгүй байна. 

Энэ юутай холбоотой вэ гэхээр тайзны урлагтай холбоотой. Хөшиг хаагдаад, нээгдэх хооронд, ар талд нь оркестр суух ч юм уу, тайз засаж амжих хугацаанд урд нь цаг баригчаар уртын дууг дуулдаг болсон. Гэхдээ дараагийн үзүүлбэр тоглогдох учраас бүтэн дуулж болохгүй, танаж дуулна. Ингээд л  уртын дуугаа багасгаж, дууныхаа дэгүүдийг өөрчлөөд, уран ганган дуулах байсныг сунгаад аяыг нь улам уртасгаад, хагас түрлэг дуулах жишээний болсон байна шүү дээ.


-Уртын дууны “Ай”, “Эгшиг томно” гэж зүйл байна. “Ай”, “эгшиг томох” нь уртын дууны амин сүнс  гэж та нэг ярьдаг шүү дээ. Тэгвэл уртын дууны тэр гоо үзэсгэлэн, дуулахаас өөр аргагүй болгодог тэр шидэт увдис нь яг юундаа байдаг вэ?

-Уртын дуунд “Ай” гэж байдаг. Тэр уртын дууны “Ай”-г олсон цагт л хүнд сонсголонтой сонсогдоно. Түүнээс хүн болгон л “ай ий” гээд хашхираад байвал хашхираад л байна. Хамгийн гол нь дууныхаа аянд нь “Ай” нь байдаг. Тэрийг л олоод авчих, мэдрэх хэрэгтэй. Уртын дуундаа дурлаж байж түүнийг мэдэрнэ гэж багш маань хэлдэг байсан.

Миний хүү дуулаад дуугараад сурчих, дараа нь дуулж байгаадаа дурлаад байвал, одоо л дуу  аялах нь дээ /дуулж сурах нь дээ/ гэж бодож бай гэж хэлдэг байсан. Ерөөсөө уртын дуучин мэлмийгээрээ харж зураад, дандаа дуугаараа ярьж явдаг.

Одоо “Жаахан шарга” дуун дээр жишээ авъя л даа.

/“Жаахан шарга” дууг аялав/

-Яасан гэнэ ээ гэж асууж байгаа биз?

/ “Жаахан шарга” дууг аялав/

-Ингээд удиртгал маягийн зүйл хэлээд өгч байна. Яасан гэнэ ээ? Юунд вэ? гэсэн асуултад хариулж байна.

/“Жаахан шарга” дууг аялав/

-Хэлж өгөөд байдаг. “Жаахан шарга” дууны “жаа- хан” гэдэг дээр ай нь гараад ирж байгаа юм. Тэр “хан” гэдгийг гоё хэлэх л юм бол хүний чихэнд сайхан сонсогдоно. Шаргаа гэдэг хэсэг дээр барьж байна. Бас энэ хоёрыг гоё холбосон цагт бол хүнд маш уянгатай сонсогдоно. Уртын дуу сонирхдоггүй хүн байсан ч гэсэн Б.Лхамжав гуайн “Жаахан шарга дуу”-г сонсоод л энэ ямар гоё юм бэ гэх жишээний....


-Манай Монголд уртын дууг айзам уртын дуу, шастир, суман, бэсрэг гэхчлэн ангилдаг. Яг юугаараа ингэж ялгардаг юм бэ, та аялангаа сайхан тайлбарлаад өгнө үү?

-Айзам уртын дуу гэдэг түрүүний аялсан том том “Ай”-тай гэсэн үг. Далайц “Ай” -тай гэсэн үг. Далайж ирээд л ер нь буухгүй нөмрөөд л байна. Ая нь их том, хоёр октаваас дээш цараатай. Суман уртын дуу хоёр октавтай ч байж болно. Гэхдээ аялгуу, нөгөө “Ай” нь жижиг байдаг. Олон хөдөлгөөнтэй, эргэж хургасан,  төв “Ай”-тай.  Хоёр октав хүрэхгүй атлаа айзам уртын дуу бас бий.

Тэгэхээр уртын дууны Ай-г нь олоогүй нөхцөлд хүн тэр хоёрын ялгааг нь гаргаж дуулж чадахгүй. Нэг бол хоёуланг нь айзам болгож, нэг бол хоёуланг нь бэсрэг болгож дуулаад байдаг. Тиймээс л  их учиртай байгаа юм.

“Эгшиг томолт” гэж айзам уртын дуунд жинхэнэ “амин сүнс” нь байдаг. Жишээ нь “Дөрвөн дөрвөлжинтэй замбутив”  гэж дуу байна.

/Аялна./

Доороос хутгаж эхэлж байгаа юм.

/Аялна./

Ингэж аялахаар шалдан, хоосон сонсогдоод байгаа биз. Хутгаж доороос эхлэхээр “Ай” нь сонсголонтой болж байгаа биз дээ.

/Аялна./

“Ай”  нь ингээд сангийн утаа шиг газар буухгүй. Түүнийг тогтоож чадвал  айзам  дууг дуулж чадаж байгаа хэрэг.


-Тэгвэл “Шастир  дуу” гэж юу вэ ?

- “Шастир дуу” гэдэг нь шашин номын холбогдолтой, баян бараат аялгуу л даа.  Цар хүрээний хувьд бага. Гэхдээ аялгуу нь ойворгон, ном уншиж байгаа мэт.

/Аялна./

- Манай Баянбараат аялгуу нэг иймэрхүү. Харин бэсрэг дуу нь октав гарантай. Нарийн, жижигхэн хөдөлгөөнтэй, аялгуутай дуунуудыг бэсрэг уртын дуунууд гээд байгаа юм. “Цомбон туурайтай хүрэн”, “Хөөрхөн халиун”, “Хүрэн толгойн сүүдэр”, “ Эрдэнэ засгийн унага”  гээд л энэ түгээмэл дуунууд багтана. Хүн уйдаахгүй...  “Эр бор харцага” гэхчлэн. 

/Аялна./

Эгшиг томолт их хурдан хийгддэг дуунууд. Гэтэл айзам уртын дуу нь ийм.

/Аялна./

Айзам уртын дууг аяыг нь уртасгаж,  үгийг нь хол томж дуулдаг юм.


-Эдгээрээс яг аль төрлийг нь та илүү их дуулдаг вэ. Аль нь танд хамгийн ойрхон, алинаар нь сэтгэлээ бялхтал дуулдаг вэ?

-Төв халхын, Сэцэн хаан аймгийн хүн болохоороо би халх аялгуугаа барьж дуулж байна л даа. Болж өгвөл аялгуу болгоноор нь дуулчих юм сан гэж их боддог. Гэтэл боржигин аялгуу гээд байгааг Боржигинд төрсөн хүн л дуулж чаддаг. Учир нь, тэр аялгуу нь яс, цусанд нь байдаг. Тэнд төрж байж багаас нь тэр аялгуу, зүрх сэтгэлд нь сууна. Би халх хүн, төв халхад төрчихсөн учраас багаас минь миний чихэнд халх аялгуу л шингэчихсэн. Дуурайж дуулж болно. Дуурайж дуулахаар амин сүнсгүй болчихож байгаа юм. Би боржигин хүн биш, гэхдээ боржигин дууг хөдөлгөөд дуулж чадна. Гэтэл амин сүнсгүй, одоогийн ярьдгаар бол коверлож байгаа юм шиг сонсогдоно.


-Тэгвэл дэлхийн том том дуурийн дуучид, нэр алдартай одуудад монгол ардын уртын дууг зааж өгөөд дуулуулахад хүнд хүрэхгүй байж магадгүй юм байна, тийм үү?

-Сурч бол болно оо. Өөр өөрсдийнхөөрөө л сурна.  Гэхдээ л ген гэж ярьдаг даа. Уртын дуу хүний яс, цусанд нь байдаг дуу юм. Бас орчин нь өөр байгаа юм. Би хөдөө өсөж төрсөн. Тиймээс хотын хүнээс өөр, нийгмийн хувьд ч ялгарна гэдэг шиг л юм даа.


-Уртын дууны түүх ямарваа нэгэн он цагийн үйл явдал, хайр дурлал, сайн морь, сайхан байгальтай холбоотой байдаг. Гэхдээ зохиогч нь хэн бэ гэдэг нь тодорхойгүй. Өнөөдөр уртын дууг зохиогоод нийтийн дуу шиг гаргаж ирж болох уу?

- Сонирхохгүй байгаатай холбоотой. Зохиож байна уу гэвэл сүүлийн үед зохиосон ганц хоёр дуу бий. Магсар хурцын  Дугаржав,  Ж.Дорждагва багш, С.Цоодол гуай байна. С.Цоодол гуай Шаравын Сүрэнжав гуайн “Өлзийтүвшин улс” үгээр сайхан дуу зохиосон шүү дээ. Өвгөн багш Д.Баттөмөр маань дуулсан.

Хэдий дээрээс алдартай

Хэрлэн баян улс минь  ээ зэ

Хэтний гал шиг цэнхэртээд

Яасан ч холын бараатай вэ гээд. 1994 онд Радио хороонд очиж С.Цоодол гуай багшаар дуулуулж бичүүлсэн байдаг юм. Их гоё аялгуутай.

- Та нэг аялаач...

- /Аялна./


 -Үнэхээр гайхалтай..... Та шагай харвадаг. Дэлхийн олон орны хүмүүс шагай харвана гэхээр мэдэхгүй байх. Гэхдээ шагайн харваа маань ЮНЕСКО-д уртын дууны хамт бүртгэлтэй өв. Хэзээнээс харваж эхлэв?

- Би 2015 оноос сонирхож эхлэн гурван жил харваад 2018 онд Улсын мэргэн цол хүртсэн. Шагайн харваа бол монголчуудын нэг сайхан наадгай. Уламжлан ирсэн шагайн харвааны тэр цээл сайхан уухайн дуу, тэр олон эрчүүдийн уухайлж байгаа зэрэг нь үнэхээр сүрдмээр. Хүний зүрх, тархи хоёртой л ярьдаг. Хүний сэтгэлийн бат бөхийг, зоригийг шалгадаг наадгай.  Цаагуураа ч, сайхан цагаан мөртэй наадгай.

Хотондоо нэг сайхан шагай харвуулахад хонин сүрэг нь түм бумаар үржин өсөж байдаг. Дүүрэн жаргалтай билигтэй сайхан наадгайны нэг. Шагайн зурхайн дээр сууж байгаа хүн маш чухал хүн. Өөрийнхөө багийн харваачдаа уухайн дуугаараа зоолтны өндөр намыг нь хэлж өгдөг.  Жоохон доор байх юм бол

/Аялна./

Дээшээ уухайлаад байхаар харваач зоолтоо доор байна гэж мэддэг. Дээр байх юм бол...

/Аялна./

Үүнийг сонсоод зоолтоо засдаг. Ер нь аялгуугаар яриад байна шүү. Үүнийг багаар харваж бэлтгэлээ хийж байхдаа аялж чихэндээ дасгаж, сонсох дасгал хийдэг. Би  шагай харваж байхдаа ажлынхаа даргад ам гарч, чөлөө аваад улсын наадамд оролцож байлаа шүү дээ. Хасаа  алдахгүй, сайн онодог байлаа. Шувтаргын задгайд суудаг байлаа. Хасаа нарийсаад /өрөөтэй хасааг онох бүрд багасах/ ирнэ.  Ганц нэг хасаа л ирнэ. Онохгүй бол хожигдоно, оновол хуурай эргэнэ /багийн гишүүд сум алдалгүй өрөөтэй хасаагаа онож дуусгах/. 

Тийм эгзэгтэй суудалд сууна. Тэгээд л оноод л байлаа. Манайх багаараа  медаль авлаа. Медалиа зүүгээд ажил дээрээ ирэхэд манай ажлынхан бөөн баяр болж билээ.


-Шагайн харваа, уртын дуу, нүүдлийн соёл ахуй гээд Монголын маань бүхий л зүйл бие биетэйгээ уялдаа холбоотой. Шагайн харваа гэхэд л сайхан уухайлдгаараа уртын дуутай холбогдчихно. Бас хүний сэтгэлийг төв, амгалан болгодог. Хэчнээн их төвлөрлийг шаарддаг билээ. Уртын дуу дуулахад бас л адилхан байх. Энэ монгол ахуйгаа мэдсэнээр монгол хүн гэдэг бахархал төрдөг. Гэтэл орчин цагийн хүмүүс интернэт, гар утас гээд дэлхийн тэр соёлыг маш хичээнгүйлэн хараад байгаа боловч энэ ахуй руугаа нэг л орж өгөхгүй байгаа юм. Тэгэхээр та залуучууддаа хандаж юу гэж хэлмээр байна?

- Ер нь, монгол хүн болгон уртын дуугаа найрын гурван дуутай, наадмын гурван даваатай гэдэг шиг энгийн сайхан аялж чаддаг болоосой. Заавал мэргэжлийн түвшинд сурах албагүй. Хэзээ нэгэн цагт үр хойч чинь миний аав, миний ээж уртын дуу дуулдаг хүн байсан л гэж ярина. Монгол хүн болгон морин хуураа гэртээ шүтэн дээдэлж, тахиж байгаа шиг хүн болгон цээжний гурван дуутай болоосой гэж л  хүсэж явдаг даа.


                                                Ярилцсан Д.Цэнгэнжав



Связанные новости