ГОВЬ-АЛТАЙ: Алслагдсан бүс нутгийн боловсролын байгууллагуудад старлинк төхөөрөмж гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Хүүхэд багачуудын хүсэлтийн дагуу алслагдсан бүс нутгийн боловсролын байгууллагуудад старлинк төхөөрөмж гардууллаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Говь-Алтай аймагт ажиллах үеэр алслагдсан бүс нутгийн иргэд цахим харилцаа холбоогоо хөгжүүлэхэд анхаарах хүсэлтээ тавьж байсан юм. Тэдгээр иргэдийн хүсэлтийн дагуу дөрөвдүгээр сарын 18-нд тус аймгийн Халиун, Дэлгэр, Алтай, Цээл, Эрдэнэ, Чандмань, Тайшир сумын боловсролын байгуууллагад старлинк төхөөрөмж олголоо.
Ялангуяа зарим суманд сүлжээний хүртээмж муу, интернэтийн холболт сул байдаг тул энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор хүүхэд багачуудын хүсэлтийг үндэслэн старлинк төхөөрөмж олгосонд талархаж байна хэмээн тус аймгийн Боловсролын газрын дарга Д.Энхцэцэг онцоллоо.
Сүүлийн үед сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрээр явагдах нь элбэгшсэн. Тэр тусмаа төгсөх ангийн сурагчдад цахим хэрэглээ зайлшгүй хэрэгтэй болсон энэ цаг үед нэн чухал асуудлыг шийдвэрлэж өгч байгаад баяртай байна хэмээн алслагдсан бүс нутгийн багш нар хэлж байлаа.
Старлинк төхөөрөмж нь утасны сүлжээгүй байсан ч Монгол орны аль ч цэгээс өндөр хурдны интернэтийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлдэг. Сүлжээгүй үед иргэд рүү чиглэсэн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд (эрэн хайх ажиллагаа, түргэн тусламж гэх мэт) энэхүү төхөөрөмжийг ашиглан байршил тогтоох, интернэт орчинд холбогдох давуу тал бий болох юм.