Б.Бат-Очир: Үзэгчид монгол циркчдээ маш их санасан байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй Монголын циркийн шилдэг хамтлагуудын тоглолт Д.Сүхбаатарын талбайд зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Асар дүүрэн үзэгчтэй байгаа нь ард түмэн монголынхоо циркийг хэрхэн “санасан”-ыг харж болох юм. Төв талбайд уран бүтээлээ толилуулж буй циркийнхний төлөөлөл болгож МУСТА, алиалагч Б.Бат-Очиртой цөөн хором ярилцлаа.
-Төв талбайд ард түмэндээ зургаан өдрийн турш инээд хөөр бэлэглэлээ. Энэ тоглолтын талаар сэтгэгдлээ хуваалцана уу?
-Маш их баярлалаа. Юуны түрүүнд энэхүү тоглолтыг санаачилсан, зохион байгуулж буй хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Алиалагчийн үзүүлбэр нь үзэгчдийн анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлж инээд хөөр, элдэв янзын шог үзүүлбэрээр уйдаахгүйгэээр дараагийн номер руу хөтөлж өгдөг. Үүний шагнал болгож үзэгчдийн баяр хөөр, алга ташилтыг харамгүй их авч байна. Нүүр дүүрэн инээмсэглэл тодруулж, танхим дүүрэн чангаар хөхрөлдсөн жаргалтай хүмүүсийг харах хэчнээн сайхан байна гээч. Энэ бол алиалагч мэргэжлийг сонгосон хүний жаргал юм. Үзэгчдээс авах алга ташилтын мэдрэмж маш сайхан шүү. Тийм учраас энэ тоглолт цагаа олжээ гэж бодож байна.
-Та яагаад алиалагч болох замыг сонгосон юм бэ. Хэн нэгэн нөлөөлсөн үү. Эсвэл таны сонголт уу?
-Би эгчийнхээ хүслээр энэ урлагт хөл тавьсан хүн. Намайг анх циркт хөтөлж оруулсан хүн нь миний эгч юм. Эгч маань циркт акробатын жүжигчнээр ажилладаг. Эгчийнхээ тоглолт, номерыг үзэж, бахархдаг байлаа. Сүүлдээ өөрөө циркийн урлагт өөрийн эрхгүй татагдсан. Ингээд л циркийн салбарт хүчин зүтгэж, бяцхан багачуудад инээд хөөр бэлэглэсэн алиалагч болсноор 23 жилийг ардаа үдсэн байна. Монголд циркийн урлаг өндөр түвшинд хөгжсөн. Гэхдээ цаашид улам их хөгжүүлэхийн тулд зориулалтын тайз, бэлтгэлийн орчин чухал. Хэдийгээр өнөөдөр байр савгүй болсон ч удахгүй цирктэй болно гэдэгт итгэлтэй явдаг.
-Тоглолтыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Үзэгчдэд төдийгүй тоглолтод оролцож буй бидэнд маш их таалагдаж байна. “Циркийн 7 хоног”, Монголын циркийн сургуулийн 85 жилийн ойн хүрээнд болж буй энэ тоглолт үнэ төлбөргүй гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн дандаа монгол жүжигчид оролцож буйгаараа давуу талтай юм. Монголын үзэгчид монгол циркчдээ маш их санасан байна. Өдөрт гурван удаа тоглож байгаа ч танхим дүүрэн үзэгчтэй байгаа нь Монголынхоо циркийн тоглолтыг үгүйлж байгаагийн нэг илрэл юм болов уу.
-Аливаа тоглолтыг хийхэд бэлтгэл маш чухал. Бэлтгэлээ хаана хийв. Тоглолт болох тухай мэдээллийг аваад хэр их догдолсон бэ?
-Ер нь бол байнгын бэлтгэлтэй байгаа. Түүнээс гадна тоглолтын өмнө асартаа ганц, хоёр цагийн бэлтгэл хийж байна. Гадаа зарим өдөр сэрүүн байгаа ч үзэгчдийн халуун дулаан уур амьсгал дунд хүйтнийг мэдрэх сэхээ алга. Маш гоё байна. Сэтгэл догдлохгүй байхын аргагүй шүү дээ.