ДАРХАН-УУЛ: Нүд, шүд, зүрхний эмгэгийг эрт илрүүлэх үзлэгт 2300 хүүхэд хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-04-22 16:24:20

Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, хувийн хэвшлийн эмнэлгүүд хамтран хийх ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг эхлүүллээ.


Өрхийн таван эмнэлэг, сумын гурван эмнэлэг, хувийн хэвшлийн 18 шүдний эмнэлэг ажиллаж байна. Нүд, шүд, зүрхний эмгэгийг эрт илрүүлэх үзлэгийг дээрх эмнэлгүүд эцэг, эхийн зөвшөөрлийн дагуу явуулна.


Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт 2300 гаруй хүүхэд хамрагдах судалгаа бий гэж аймгийн ЭМГ-ын хэвлэлийн төлөөлөгч М.Ихэрбаяр онцоллоо.


Өвчлөл илэрсэн тохиолдолд дараагийн шатны эмчилгээг цаг алдалгүй хийх, тухайн хүүхдийг эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх зорилготой гэдгийг мөн тодотголоо.


Үзлэгийг зургаадугаар сарын 1-ний дотор дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.


ЭМЯ-аас орон нутагт эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах, оношилгоо, эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж болох зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хараа зүйн оношилгооны цогц тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд удахгүй үзлэгт ашиглана.

 

Связанные новости