Туулын хурдны замын гүүрэн байгууламжийн уртыг нэмэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-22 18:06:34

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлийн авто замын томоохон төслийг хэрэгжүүлэх явцад Нэгдүгээр тойрог замтай холбогдох зарим байрлалд гүүрэн байгууламжийн урт 6771 метр байсныг 9878 урт метр болгон уртасгалаа.


Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төслийн нэг нь Туулын хурдны зам юм. Уг хурдны зам нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ 32 километр үргэлжилнэ.


Тус хурдны замыг анх 4 эгнээ бүхий 32 км авто замын зураг төсөв магадлалын ерөнхий дүгнэлтийн дагуу төсөвт өртөг 916 тэрбум төгрөг байхаар баталсан. Засгийн газрын нэгдүгээр сарын ээлжит хуралдаанаар “Туулын хурдны зам”-ыг 6 эгнээ болгох, төвийн бүсийн хэсгээр дайран өнгөрч буй хэсгийг гүүрэн байгууламж болгохоор шийдсэн. Үүнтэй холбогдуулан төслийн төсөвт өртгийг 1,965 тэрбум төгрөг болгож нэмсэн юм.


Түүнчлэн Зам, тээврийн сайдын тушаалаар ажилчдын цагийн тарифт цалин, машин механизмын ашиглалтын нэг машин цагийн үнийн жишгийг шинэчлэн баталж, ТЭЗҮ, урьдчилсан зураг, төсөлд тусгаснаар төсвийг дахин шинэчилж тооцжээ. Улмаар “Туулын хурдны зам”-ын төслийн зургийг өөрчлөн, Барилгын хөгжлийн төвийн экспертээр хянуулж, магадлал хийлгэхэд ажлын нийт төсөвт өртөг 2,384 тэрбум төгрөг болж нэмэгдсэн бөгөөд нийслэлийн төсвөөс энэ онд 538,6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр батлаад байна.


Туулын хурдны зам нь хотын төвийн авто замын ачааллыг багасгаж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

Связанные новости