“Хүйс толгойн хөшөөний бичээс”, “Дээрээс тогтоосон дүрс тус бүрийг бүртгэсэн бичиг”-ийг ЮНЕСКО-д бүртгүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-23 10:40:39

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/.  Монгол Улсын эртний өв “Хүйс толгойн бичээс” болон “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” өвийг Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Олон улсын жагсаалтад бүртгүүллээ.


ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 221 дүгээр чуулган Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо энэ сарын 2-17-нд хуралдаж улс орнуудаас нэр дэвшүүлсэн 74 баримтат өвийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын жагсаалтад бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Чуулганаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн эртний монгол хэл бичгийн дурсгал “Хүйс толгойн бичээс 1” болон “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” баримтат өвийг “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэж баталгаажуулав.


“Хүйс толгойн бичээс” баримтат өв нь МЭ 601 оны үед хамаарах монгол брахми үсгийн 215 тэмдэгтээр бичсэн 100 үгээс бүрдсэн бичээс юм.


Энэхүү дурсгалыг 1967 онд Булган аймгийн Могод сумын нутаг, Хүйс толгой хэмээх газраас олсон бөгөөд эртний үсэг, бичиг, үг, хэл, нүүдэлчин угсаатан, овогтны түүх, соёл, зан заншил, шашин шүтлэг, тахилга мөргөл, зан үйлийн тухай мэдээлэлтэй нэн ховор өв юм. Мөн Төв Азийн нүүдэлчин үндэстэн монголчууд өөрийн үг, хэлээ тэмдэглэсэн үсэг, бичиг хэрэглэж байсны нотолгоо аж.

Уг бичээс нь монголчуудын түүх, угсаа гарал, соёл, шашин шүтлэг, хэл бичгийн хувьсал өөрчлөлтийг сэргээн тодруулахад чухал ач холбогдолтой сурвалж болж, монгол хэл, бичгийн хөгжлийн түүхийг 600 жилээр урагшлуулсан төдийгүй тухайн үеийн үндэстэн ард түмэн соёлын хувьд бичиг үсгээ солилцон бичгийн дурсгалаа бичиж туурвиж байсны гэрч юм. 


Харин “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” баримтат өв нь XVIII зууны дунд үеийн өрнөдийн болон дорно дахины уламжлалт анагаах ухааны тухай гар бичмэл юм.



“Манж анатоми” нэрээр олон улсад эрдэм шинжилгээний эргэлтэд орж судлагдсан “Дээрээс тогтоосон дүрс тус бүрийг бүртгэсэн бичиг” хэмээх бэхэн бийрээр бичсэн 2 боть, 4 дэвтэр ном өдгөө Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж байна.


Уг бүтээл нь монголчууд нэн эртнээс хүний биеийн бүтцийн талаар өргөн мэдлэгтэй, өвөрмөц нэршилтэй байсныг тодруулахын сацуу түүнийгээ бусад харь орны эрдэмтдийн бүтээлээр баяжуулан хөгжүүлсэн нь онол болон практикийн өндөр ач холбогдолтой юм.


Мөн тус сурвалжийг түүхэн талаас нь авч үзвэл, өрнийн анагаах ухаан, монголын анагаах ухааныг хослуулан хөгжүүлэх, практикт хэрэглэх хандлага 18 дугаар зуунаас эхэлснийг гэрчилсэн баримт төдийгүй хүн төрөлхтөнд зориулж бүтээсэн “чухал ой санамж” болж байгаагаараа онцлог юм.


Ташрамд дурдахад, Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад 2011 онд Лу.Алтан Товч, Монгол Шунхан Данжуур, 2013 онд Есөн эрдэнийн Ганжуур, 2017 онд Данжуурын гэрэлт хөшөө, 2023 онд Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээс өвийг тус тус бүртгүүлжээ. 















Связанные новости