Б.Буяннэмэх: Хувь хүний татварын бүртгэл, тайлагналыг улам бүр хялбаршуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монголын татварын алба 2025 онд татвар төлөгчид ээлтэй, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж “Зөвлөн туслагч татварын алба” болох зорилт тавин ажиллаж буй. Энэ хүрээнд ТЕГ-ын Татвар төлөгчид үйлчлэх газрын дарга Б.Буяннэмэхээс дараах мэдээллийг тодруулав.
-Монголын татварын алба татвар төлөгчид хууль тогтоомж сурталчлах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, теник технологийн дэвшлийг нэвтрүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Татварын алба 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөндөө Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын зөвлөмж зэргийг тусган татвар төлөгчид татварын хууль тогтоомжийг бүсчилсэн хөгжлийн бодлого, салбарын ангилал, татвар төлөгчийн татварын боловсролыг дээшлүүлэх, техник технологийн дэвшлийг ашиглан татвар төлөгчид үзүүлэх, үйлчилгээгээ сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Энэ онд дэвшүүлсэн “Зөвлөн туслагч татварын алба” зорилтынхоо хүрээнд татвар төлөгчийн татварын боловсролд хэр анхаарч байгаа вэ?
-2025-2028 оны “Олон нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг шинэчлэн баталж, 2025 онд хэрэгжүүлэх сургалт, сурталчилгааны төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг хангахаар татварын албадад хүргүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Ирэх дөрвөн жилийн олон нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн гол агуулга татвар төлөгчийн хэрэгцээ шаардалагад нийцсэн, сургалтын материал, гарын авлагаар татвар төлөгчдийг хангах, мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт”-ийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангах зорилгоор гарын авлага, контентыг дохионы хэл, брайл үсэгтэй гаргах тал дээр анхаарч байна.
-Татвар төлөгчийн бүртгэлийн тухайд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Татвар төлөгчийн бүртгэлийг төгөлдөржүүлэх үүднээс иргэнийг үйл ажиллагаа эрхэлж буй хаяг байршилд үндэслэн бүртгэх бүртгэлийн шинэчлэлийг хэрэгжүүлэн, вэб суурьтай системийг хөгжүүлэн, цахим худалдаа үйлчилгээ эрхлэгчийг тусгайлан бүртгэж татварт хамралтыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.
Мөн татварын албанд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаггүй хуулийн этгээдийг хуульд заасны дагуу улсын бүртгэлээс хасах үйл ажиллагааг холбогдох төрийн байгууллагатай хамтран зохион байгуулахаар төлөвлөн зарим арга хэмжээг авч ажиллаж байна.
-Татварын тайлан, цахим системийн ажиллагааг хялбаршуулахын тулд хийж буй ажлаасаа дурдаач?
-Хувь хүний татварын хууль тогтоомж мөрдөлтийн түвшинг нэмэгдүүлэх зорилгоор төрийн мэдээлэл солилцоог нэмэгдүүлж, тайлан гаргах үйл ажиллагааг улам бүр хялбаршуулж, иргэдэд зориулсан сургалт, сурталчилгааг эрчимжүүлэн тайлагнал, төлөлтийг сайжруулна.
Бусад татварын төрлийн хувьд тайлангийн ирцийг Төсвийн тухай хууль, Олон улсын байгууллагын өгсөн зөвлөмж, 2026 онд татварын албаны үйл ажиллагаанд ТАДАТ-ын үнэлгээ хийхтэй холбоотой тус үнэлгээг ахиулахад анхаарч хугацаандаа тайлан ирүүлэлт 90 хувьд байхаар төлөвлөж, тайлан хялбаршуулах, тайлан боловсруулалтыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна.
Татварын тайлан илгээх хугацаа эхэлсэн, сануулах, анхааруулах, талархах мессежийг татвар төлөгчийн бүртгэлтэй утас, мэйл хаягт системээс автоматаар хүргүүлэх системийн хөгжүүлэлтийг хийж нэвтрүүлэхэд бэлэн болсон.
Татварын албаны цахим хуудас болон, цахим төлбөрийн баримт, цахим тайлангийн системд хиймэл оюун ухаанд суурилсан чатботыг хөгжүүлж нэвтрүүлэхээр Мэдээлэл технологийн төв, Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ-тай хамтран ажиллаж цахим төлбөрийн баримтын системд нэвтрүүлээд байна.
Цаашид татвар төлөгч татварын албаны цахим системд нэгдсэн хаяг буюу www.mta.gov.mn гэсэн хаягаар татварын цахим системд нэвтрэх бодлогыг баримталж хөгжүүлэхээр төлөвлөж байна.