Ази, Номхон далайн бүсийн "Аспак-2025" чуулга уулзалтыг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-23 13:21:30

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн бүсийн "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зургаадугаар сарын 12-16-нд зохион байгуулна.


Чуулга уулзалтад 60 орчим улсын 4000 орчим төлөөлөл оролцох урьдчилсан судалгаа гарчээ. НЗДТГ, JCI Монгол байгууллага хамтран 2017 онд Улаанбаатарт зохион байгуулахад 51 улсын 3600 орчим төлөөлөл оролцож байв.


Чуулга уулзалтыг зохион байгуулах талаар НЗДТГ-ын санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй албаныхан JCI Монгол байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав. Тэрбээр “Дэлхийн залуучуудын чуулга уулзалт манай нийслэлд болсноор олон улсад эх орноо сурталчлах боломжтой. Үүнийг дагаад аялал жуулчлал, эдийн засагт олон эерэг өөрчлөлт гарна. Залууст урам зориг өгөх, манлайлах, нийгмийн хариуцлага, идэвхийг нэмэхэд JCI байгууллагатай хамтран ажиллаж, бүх талаар дэмжинэ” гэжээ.


“Аспак” уулзалтыг 1951 оноос хойш зохион байгуулж, тухайн жилийн ажлаа дүгнэн, ирэх жилийн төлөвлөгөөгөө хэлэлцдэг  байна. Дөрвөн бүс нутгийн хамгийн томд тооцогддог чуулган учраас JCI байгууллагын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, зөвлөх, сенаторууд оролцдог аж. Харин Монгол дахь салбар буюу JCI Монгол байгууллагыг 1992 онд байгуулсан бөгөөд 2015 оноос НЗДТГ-тай хамтран ажиллаж байна. 

Связанные новости