ХӨВСГӨЛ: Хатгал, Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 МОНЦАМЭ/. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Ханх-Хатгал чиглэлд 186 км хатуу хучилттай авто зам барих ТЭЗҮ-ийг "Ангар арвижих" ХХК боловсруулж дуусжээ.
Энэхүү төсөл нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Чандмань-Өндөр, Ханх сумын нутаг дэвсгэрт хамаарах бөгөөд одоогоор ТЭЗҮ боловсруулах ажлын гүйцэтгэл 100 хувь, зураг төсөл боловсруулах ажил 40 хувьтай явагдаж байгаа юм.
ТЭЗҮ-ийг Зам тээврийн яамны Шинжлэх ухаан, Технологийн зөвлөлийн дэргэдэх авто замын салбарын дэд зөвлөлийн хурлаар орж дэмжигдсэн байна.
Ханх-Хатгал чиглэлийн 186 км авто зам тавьснаар Байгаль нуур, Хөвсгөл нуурыг холбосон аялал жуулчлалын маршрут бий болж, Ханх сум аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжиж, эдийн засаг сайжрах боломжтой.
Ханх Мондын боомтоор жилд 30 гаруй мянган иргэн зорчдог бол хатуу хучилттай авто замтай болсноор аялагч иргэдийн тоо 2-3 дахин нэмэгдэнэ.
Мөн Монгол Улс, Оросын Холбооны
Улс хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний үнэ
хямдрах, аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээг хөгжүүлэх боломж бүрдэж, тээвэр
ашиглалтын зардлыг бууруулах, түүхий эдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүс
нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих олон талын ач холбогдолтой ажээ.