ГОВЬ-АЛТАЙ: Хүүхэд багачуудад спортоор дамжуулж эх оронч үзлийг төлөвшүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. “Эх оронч Монгол - Их сэргэлтийн жил”-ийн хүрээнд Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны баг бүрэлдэхүүн дөрөвдүгээр сарын 23-нд Говь-Алтай аймагт ажиллаж байна.
“Алдар” спорт хорооны дарга Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын дархан аварга, хөдөлмөрийн баатар, хурандаа Г.Өсөхбаяраар ахлуулсан тус бүрэлдэхүүнд Алдар спорт хорооны үндэсний спортын албаны дарга Монгол Улсын харцага, дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүй, Хөдөлмөрийн баатар, дэд хурандаа О.Гүндэгмаа тэргүүтэй үндэсний бөх, сур харваа, шагайн харвааны багш дасгалжуулагч, тамирчид энэ өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж байна.
Тэд спортоор дамжуулж эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний бөх, сур харваа, шагайн харваа гэх мэт үндэсний үнэт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, залуусыг спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллаж байгаа тухай “Алдар” спорт хорооны дарга Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын дархан аварга, хөдөлмөрийн баатар, хурандаа Г.Өсөхбаяр онцлон хэлж байлаа.
Тус баг бүрэлдэхүүн Хантайшир сургалтын төв, Биеийн тамир спортын газар, Ардын дуу бүжгийн Алтай чуулгаар зочилж, хүүхэд залуучуудтай, тамирчидтай уулзаж, нөхөрсөг тэмцээн, ярилцлага, сургалт мэдээлэл, зөвлөгөө зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.