ТӨВ: Бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд буцалтгүй тэтгэлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-04-25 10:37:32

Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Жаргалант, Баянчандмань сумын 6 бичил бизнес эрхлэгч эмэгтэйг төсөлд хамруулж, тус бүр 5000 ам.доллар буюу нийт 30000 ам.долларын буцалтгүй тэтгэлэг олголоо.


Жендэрийн үндэсний хорооноос Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр техникийн туслалцааны төслийн хүрээнд бизнес эрхлэгч залуу эмэгтэйчүүдийг чадавхжуулах, дэмжих зорилгоор тэтгэлгийг олгож байна. Төслийн сэдэв нь “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” юм.



Төслийн сонгон шалгаруулалтыг 2024 оны 12 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд шалгарсан бичил бизнес эрхлэгчдэд тэтгэлгийг гардуулан, хамтран ажиллах гурван талт гэрээ байгуулсан юм.


Баянчандмань сумаас хүлэмжийн нарийн ногоо тариалдаг "БАЯН II" бүлэг, хадлан, ногоон тэжээлийн тариалалт, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Б.Үүрийнцолмон нар шалгарсан байна.


Жаргалант сумаас жимс, жимсгэний тариалалт, үйлдвэрлэл эрхэлдэг "Жаргалант шимт газрын өгөөж", назимейд урлан буюу газар тариалан эрхлэгчдэд зориулсан оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Н.Наранзаяа, хүлэмжийн нарийн ногоо тариалдаг Г.Байгалмаа, бэйкэри үйлдвэрлэгч Д.Баасандэмбэрэл нар шалгарчээ.

 

Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, "Хэнтий, Төв аймагт хэрэгжүүлж буй тус төслийн хүрээнд 30 гаруй бизнес эрхлэгч нар материалаа ирүүлснээс хоёрдугаар шатанд 22 бизнес эрхлэгч шалгарч, гуравдугаар шатны шалгаруулалтаар Хэнтий аймагт 4, Төв аймагт 6 төсөл дэмжигдсэн. Энэхүү төсөл хэрэгжсэнээр бизнес эрхлэгчид орон нутагтаа ажлын байр нэмэгдүүлж, сайн туршлагыг бий болгох юм".


"БАЯН II" бүлгийн гишүүн С.Ургац, "Өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор хүлэмжийн аж ахуй эрхэлдэг. Нийт гурван хүлэмжтэй хэдий ч хоёр хүлэмж муудсан. Иймд тус төсөлд хамрагдсанаар техник авч, муудсан хүлэмжээ шинэчлэн сайжруулах төлөвлөгөөтэй байна" гэв. 



Связанные новости