ДОРНОГОВЬ: Монгол бичгийн мэдлэгээр өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын ЗДТГ, Дорноговь аймгийн Насан туршийн суралцахуйн төв, Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн насан туршийн суралцахуйн нэгж, Соёл спортын ордон хамтран сумын аварга шалгаруулах үндэсний бичигтэн байгууллага шалгаруулах “Тунгаамал” тэмцээнийг дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгууллаа.
Тэмцээний шилдэг байгууллагын төрөлд Хилийн цэргийн 0108 дугаар ангийн баг хамт олон, дэд байрт Замын-Үүд дэх Гаалийн газрын хамт олон, гутгаар байрт Замын-Үүд сумын ЗДТГ-ын хамт олон шалгарчээ.
Дээрх тэмцээнийг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96-р тогтоолоор батлагдсан, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”, “Миний монгол хэл, бичиг-2025” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, үндэсний хэл бичгээ сурталчлан таниулж, уламжлан өвлүүлэх, төрийн албан хаагчдын үндэсний бичгээ сурах хүсэл сонирхлыг нь хөхиүлэн дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Ташрамд, Дорноговь аймгийн Насан туршийн суралцахуйн төвөөс монгол бичгийн цахим бичвэрийн сургалтыг долоон байгууллагын нийт 108 иргэнд 56 цагийн сургалтыг зохион байгуулсан байна.