Монголын уулын дугуйчид ААШТ-д өрсөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Уулын дугуйн энэ оны Ази тивийн Аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Гуйжоу хотноо өчигдөр эхэллээ.
Уг тэмцээний насанд хүрэгчдийн элит ангилалд манай улсаас “Downhill Mongolia” клубын тамирчин М.Баттуул, Э.Баярбат, Г.Түвшинбаатар оролцож байгаа бол өсвөр насанд Г.Энхболд уралдаж байна. Баг тамирчдыг Монголын дугуйн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Downhill Mongolia” клубийн тэргүүн Б.Отгондаваа ахалж байгаа аж.
Уулын дугуйн хамгийн үзүүштэй экстрим төрлийг Монгол Улсад хөгжүүлэх үйлсэд Б.Отгондаваа тэргүүнтэй “Downhill Mongolia” клуб үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд жил бүр энэ төрлийн ААШТ-д тус клубийн тамирчид эх орноо төлөөлөн өрсөлдөж ирсэн түүхтэй. Манай баг тамирчид 2020 оноос хойш зургаа дахь удаагаа тивийн аваргад оролцож байгаа нь энэ.
Ингэхдээ 2022 онд БНСУ-д болсон
тэмцээнээс Г.Чингүүн, 2023
оны Энэтхэгт болсон тэмцээнээс Г.Түвшинбаатар хүрэл медаль хүртэж байв. Г.Чингүүний хувьд Солонгост болсон
тэмцээний залуучуудын ангилалд хүрэл авснаар Монголын уулын дугуйчид олон улсын
тэмцээнээс анхны медалиа авсан түүхтэй. Монголын даунхиллчид анхны УАШТ-аа 2018
оноос зохион явуулж, 2020 онд анх удаа Тайландад болсон уулын дугуйн Азийн
АШТ-д амжилттай оролцож байсан юм.