Америкчууд 5 долларын футболк худалдан авдаг цаг ард хоцорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-04-25 16:21:01

НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өдөөсөн худалдааны дайн америкчуудын өдөр тутам өмсдөг хувцаснуудад нөлөөлж эхэлжээ. 


Бэлэн хувцасны худалдааны салбар нь бүх улс оронд ногдуулсан Трампын 10 хувийн татвар, Хятадын импортын бараанд ногдуулсан 145 хувийн татвар зэрэг тарифын нөлөөнд ихээхэн өртөж байна. Америкчуудын шүүгээнд буй хувцаснуудын 98 хувийг гадаадаас нийлүүлдгээс Хятад улс Америкийн хувцасны зах зээлийн 22 хувийг эзэлдэг ажээ.


Д.Трампын гаалийн татварын улмаас ихэнх хувцасны үнэ өсөх боловч ихэнх америкчуудын өмсдөг 5 долларын футболк, 10 долларын зургаан хос оймс, 25 долларын пүүз зэрэг өдөр тутам өмсдөг хувцаснуудын үнэ огцом өснө гэдгийг худалдааны бодлого судлаачид, эдийн засагчид хэлж байна.


Хөвөн даавуун футболк, дотуур хувцас, оймс зэрэг гол хэрэгцээт хувцаснуудын үнэ улам өсөх болно, учир нь үнэ нь өссөн ч гэсэн хэрэглэгчид тэдгээрийг худалдан авсаар байх болно гэж Делавэрийн их сургуулийн загвар, хувцас судлалын профессор Шэн Лу хэлжээ.  


Өөрөөр хэлбэл, худалдан авагчид эдгээр барааг жилийн турш худалдаж авдаг тул жижиглэнгийн худалдаачид улирлын чанартай хувцаснууд, даашинз, хослолоос илүүтэй дээрх хувцаснуудыг богино хугацаанд нөөцлөх шаардлагатай болдог. Улмаар хувцас импортлогч компаниуд нөөцлөх бараагаа олон удаа татсанаар тээвэрлэлтэд тариф ногдуулах магадлал нэмэгдэнэ. 


Америкчууд Хятад төдийгүй Вьетнам, Бангладеш зэрэг орнуудаас гутал хувцас худалдан авдаг. Америкт хямд зардлаар эсвэл олон тоогоор хувцас үйлдвэрлэх боломж байхгүй тул худалдан авагчид ирэх онд хувцсанд 65 хувиар, гутланд 87 хувиар илүү мөнгө төлөх болно гэдгийг Yale Budget Lab хэмээх бодлогын судалгааны төвийн хийсэн судалгаа харууллаа. Урт хугацаанд авч үзвэл, хувцасны үнэ 25 хувь, гутлын үнэ 29 хувиар өсөх төлөвтэй байна.

 


Связанные новости