ХӨВСГӨЛ: "Хүслийн хад" цогцолборыг 6 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хөвсгөл нуурт барьж буй "Хүслийн хад" аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтыг “Жавхлант хүслэн” ХХК гүйцэтгэж байна.
Хүслийн хад цогцолборын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 6 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.
Тодруулбал, явган хүний зам, сүүдрэвч, бүтээгдэхүүн борлуулах цэг, амрах талбай, завины зогсоол, ариун цэврийн байгууламж бүхий иж бүрэн төв болно.
Хөвсгөл аймгийг жил бүр 110 мянга гаруй жуулчин зорьдог. Тэдний очдог газруудын нэг нь Хүслийн хад юм.
Өмнө нь иргэдийн аюулгүй байдлыг хангаагүй байсны улмаас хүн унаж бэртэх зэрэг эрсдэл гардаг байсан.
Харин "Хүслийн хад" цогцолбор ашиглалтад
оруулснаар аюулгүй, ая тухтай орчинд амарч, аялах боломж бүрдэх юм.
Хөвсгөл нуурын зүүн эрэг орчмоос нуур луу түрж орсон хадан хошууг нутгийн иргэд Сомо хад гэж нэрлэдэг.
Тус газарт өвс хадлан ихээхэн ургадаг учраас нутгийн иргэд чулуун овоо босгосон байна.
Харин сүүлийн үед Хөвсгөл нуурт очсон хүмүүс хүслээ шивнэн, ажил үйлсээ даатган очиж залбирдаг болсон төдийгүй "Хүслийн хад" хэмээн нэрлэдэг болжээ.