СӨБ-ын багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-28 14:39:11

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт өнөөдрөөс орон даяар эхэллээ.


Үнэлгээний баг нь тухайн цэцэрлэгийн багшийн тооноос хамаарч эцэг эх, багш, аргазүйчээс бүрдсэн 3-11 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд багт ажиллах гишүүн нь ажилчдын хурлаар 80-аас доошгүй хувийн санал авах аж. Тэгвэл үнэлгээнд нэг бүлэгт хамрагдаж байгаа нийт хүүхдийн 30-аас доошгүй хувийг хамруулах юм байна. Харин хөгжим болон биеийн тамирын багшийн сургалтын үйл ажиллагаанд хамрагдаж байгаа хүүхдийн 20-иос доошгүй хувь байх аж. Тэгвэл шалгуур үзүүлэлтэд хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны ахиц, үр дүн, багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн, цэцэрлэгийн болон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр зэрэг багтжээ.


Энэхүү шалгалтын талаар БҮТ-ийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц ярихдаа “Багшийн үнэлгээг шалгахдаа суурь мэдээллийн санд баталгаажуулсан нийт хүүхдийн тооноос хамаарч түүвэрлэнэ. Хүүхдийн эзэмшсэн мэдлэг, чадварыг илрүүлэх ажиглалтын хуудас, асуулга, сорилын үр дүнг цуглуулан мэдээлэлд  дүгнэлт хийх юм. Нийслэл, аймаг, сум багт хөгжим, биеийн тамирын багш гэсэн гурван хэсэгт бүлэглэж үр дүнг тооцно. Энэ үнэлгээнд өндөр оноо авсан багш 40 хувь хүртэлх цалингийн урамшуулал авах боломж бүрдэж байгаа” гэв.


Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт ирэх сарын 3-ныг хүртэл үргэлжлэх юм.

Связанные новости