ГОВЬ-АЛТАЙ: Ахмадуудын цахим ур чадварыг дээшлүүлэх “Хурдан” клуб байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-04-29 16:59:06

Говь-Алтай, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс ахмад настнуудын цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой ахмадын “Хурдан” клубийг Есөнбулаг сумын ЗДТГ-ын дэргэд байгууллаа.


Энэхүү клубийн зорилго нь ахмад настнуудын өдөр тутмын амьдралдаа эрүүл мэнд, төрийн үйлчилгээ, төлбөр тооцоо, харилцаа холбооны технологийг ашиглах чадварыг дээшлүүлж, мэдээллийн технологийн талаарх мэдлэг, боловсрол олгох, ухаалаг төхөөрөмж болон интернэт орчинд ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.


Тус клубээр дамжуулан ахмадуудыг нийгмийн идэвхтэй харилцаанд татан оролцуулах, олон нийтэд технологийн ач холбогдлыг ойлгуулах, цахим ур чадвартай иргэдийг бий болгоход дэмжин ажиллах юм.


Ингэхдээ Говь-Алтай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс ахмад настнуудын цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “ХУРДАН” клубийг 60 ахмадыг хамруулан батламжсан бөгөөд тэргүүлэгч 10 гишүүн сонгож идэвхтэн 50 гишүүнтэйгээр энэ сарын 27-ны өдөр байгуулж нээлтээ хийсэн юм. 


Клубийн гишүүнээр нэгдсэн ахмадууд “Өдөр тутамд гар утас, цахим хэрэглээ нэмэгдэж байгаа өнөө цагт цаг үеэ олсон чухал ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаад талархаж байна, бид ядаж л тэтгэвэр орсноо утаснаасаа шалгаад, банкны гүйлгээг утсаа ашиглаад хийчихдэг байхад амьдралд дөхөм юм даа” гэв. 


Связанные новости