ГОВЬ-АЛТАЙ: Бүтэн өнчин хүүхдийн их сургуульд сурах төлбөрийг орон нутаг хариуцна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-10-07 16:11:07

Говь-Алтай, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатын ивээл дор “Хүүхэд хамгааллын асуудал, шийдэл” чуулга уулзалт Алтай хотноо болж байна.


Тус чуулга уулзалтыг аймгийн ЗДТГ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Хүүхдийг ивээх сантай хамтран хоёр хоногийн турш зохион байгуулж байгаа юм. Эл чуулга уулзалтаар тус аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах талаар салбар дундын хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, хамтран шийдэл гаргахыг зорьж байгааг ЗДТГ-аас мэдээлэв.


Уулзалтад аймаг, сумдын удирдлагууд, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, цагдаагийн байгууллагын төлөөлөл, нийгмийн ажилтнууд, эцэг эх, хүүхдүүд болон Хүүхдийг ивээх сангийн мэргэжилтнүүд оролцож, санал бодлоо солилцож байна.


“Хүүхэд хамгааллын асуудал бол бүх нийтийн хамтын хариуцлага юм. Тиймээс салбар бүрийн оролцоог нэмэгдүүлж, хүүхдэд ээлтэй орчинг бодитойгоор бүрдүүлэх нь бидний зорилт юм” хэмээн Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат тэмдэглэж байлаа. Мөн түүнчлэн энэ оноос эхлэн тус аймагт бүртгэлтэй бүтэн өнчин хүүхдүүдийн их, дээд сургуульд сурах төлбөрийг 100 хувь орон нутгаас хариуцах, түүниэй тэнцэхүйц хэмжээний дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан нь бусад аймаг, орон нутагт үлгэр дуурайл болохуйц бодлого болно гэдгийг онцолсон юм. 

Связанные новости