ГОВЬ-АЛТАЙ: Баруун бүсийн гал түймэртэй тэмцэх газрын алба хаагчдын сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-10-09 17:10:45

Говь-Алтай, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран баруун бүсийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч, салааны захирагчийн туслах нарын сургалтыг Говь-Алтай аймагт энэ сарын 7, 8-нд зохион байгууллаа.


Сургалтад Говь-Алтай, Ховд, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, салааны захирагчийн туслах нарын 40 орчим алба хаагч хамрагдсан юм.


Гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын ажиллагаа, багаар ажиллах ур чадвар, удирдлагын манлайлал, гал унтраах авто машины бэлэн байдал, ашиглалт, анхаарах асуудал,  амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах талаар үеийн аюулгүй байдлын мэдээллийг танхимын болон дадлага сургалтаар олгожээ. 


Мөн автомашинд гарсан гал түймрийг унтраах арга зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, зохион байгуулалт, гал түймрийн үед агаарын солилцоо зохион байгуулах дадлага, тактикийн дадлага сургалт зохион байгуулах, дуурайлган үзүүлэх сургалтыг зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн, туршлага, мэдээлэл солилцсон тухай Онцгой байдлын газраас мэдээлэв.

Связанные новости