ХӨВСГӨЛ: Мөрөн сумын хог хаягдлыг 30 хувь бууруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 40 мянга гаруй иргэн амьдарч байна.
Өвлийн улиралд түр оршин суугч 7000 гаруй иргэн нэмэгдвэл 50 мянга гаруй иргэн амьдарч байна.
Мөрөн суманд жилээс жилд төвлөрөл нэмэгдэж буй энэ үед агаарын бохирдол, хог хаягдлын асуудал тулгамдаж буй асуудлуудын нэг юм.
Аймаг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хог хаягдлын менежмент хийхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Мөрөн сумын ЗДТГ, "Эко эрин тохижилт" ХХК хамтран “Цэмцгэр Мөрөн” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн нээлтэд Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр оролцож “Мөрөн сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 2028 он гэхэд ил задгай хог хаягдалгүй болж, төвлөрсөн хогийн цэгт дарж булах хог хаягдлын хэмжээг 30 хувь бууруулах үндсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтод хүрэхийн тулд хог хаягдлын менежментийг хэрэгжүүлж, байгалиа дээдэлсэн, дарж булах хогийн хэмжээг тогтмол багасгасан, иргэдийн ухамсар мэдлэгийг нэмэгдүүлэх, хог ачих үйлчилгээний чанар хүртээмжийг 100 хувьд хүргэхэд чиглэнэ” гэдгийг хэлж байлаа.
Мөрөн суманд "Эко эрин тохижилт" ХХК 14 баг, нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдлыг орчин үеийн шинэ техник технологийг ашиглан хог хаягдлын тогтвортой менежментийн бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хог хаягдлыг дахин боловсруулах, ангилах үйлчилгээг шат дараатайгаар нутагшуулах шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Цаашид Мөрөн сумын хэмжээнд хог хаягдлын үйлчилгээг шинэ шатанд нэвтрүүлж, далд бункер байршуулах, малын сэг зэмээр бордоо хийх зэргээр шинэ ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэдгийг "Эко эрин тохижилт" ХХК-ийн захирал Н.Лхагвасүрэн ярилаа.
Монгол орны аялал жуулчлалын бүс нутаг болсон хоймор нутгийг зорин ирж буй хүн бүр Мөрөн хотыг дайран өнгөрдөг.
Иймээс хоггүй цэвэр, цэмцгэр Мөрөн хотын төлөө төрийн
байгууллага, хувийн хэвшил, иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг энэ үеэр зохион
байгуулагчид онцолж, “Цэмцгэр Мөрөн”
хотын төлөө хамтран ажиллахыг уриаллаа.