Татварыг ил болгох Амазоны төлөвлөгөөг шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-04-30 11:43:50

ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /DW/. Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн худалдааны дайны улмаас Америкийн худалдан авагчдын төлөх нэмэлт татварын хэмжээг “Amazon” компани АНУ дахь цахим дэлгүүрийнхээ хуудсанд нийтлэх шийдвэр гаргасанд АНУ-ын засаг захиргаа сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. 


"Хэрэв ийм алхам хийвэл энэ нь “Amazon-ын зүгээс дайсагнасан, улс төрийн шинжтэй үйлдэл болно” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Ливитт өчигдөр мэдэгдсэн байна. Тэрбээр “Amazon”-ы тэргүүн Жефф Безосыг Хятад улстай хамтран ажиллаж байна гэж буруутгажээ. К.Ливитт “Punchbowl News” цахим хуудсанд гарсан нийтлэлийн хариуд ийм мэдэгдэл хийсэн байна. "Amazon" корпорац зарим бараанд ногдуулсан Д.Трампын нэмэлт татваруудын хэмжээг хэрэглэгчдэд ил тод болгохоор төлөвлөж байна гэж тус хуудсанд нэрээ нууцалсан эх сурвалжаас эш татан бичжээ.


Харин Ж.Бэзосын үүсгэн байгуулсан компани нэмэлт тарифтай холбоотой мэдээллийг нийтлэхээр бэлтгэж байгаа гэх мэдээллийг үгүйсгэжээ. Ийм шийдвэр "батлагдаагүй цаашид ч батлагдахгүй" гэж корпорацын төлөөлөгч Тим Дойл мэдэгдсэн байна. 


Гэхдээ тэрбээр зарим бараа бүтээгдэхүүний нэмэлт татварын хэмжээг нийтлэх асуудал корпорац дотор хэлэлцэгдэж байсан боловч нийтлэхгүй байхаар шийдвэрлэсэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ.


“Amazon” компанийг үүсгэн байгуулагч Ж.Бэзос нэгдүгээр сард болсон Д.Трампын тангараг өргөх ёслолд технологийн салбарын тэрбумтнуудын хамт оролцсон юм. Үүнээс хойш Цагаан ордны тэргүүн болон зарим бизнес эрхлэгчийн харилцаа мэдэгдэхүйц “хөрсөн” байна. Тухайлбал, Марк Цукерберг  "Meta" компани нь монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалгах ажиллагаа хийхийг зогсоох гэж оролдсон боловч чадаагүй гэж AFP агентлаг мэдээлжээ. 



Связанные новости