Монголын хоккейчид хоёр дахиа яллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Мексикийн Мехико хотод шайбтай хоккейн насанд хүрэгчдийн III дивизионы ДАШТ үргэлжилж байна.
Эхний тоглолтдоо Филиппинийг 13:7-гоор буулган авсан манай хоккейчид Сингапурыг өчигдөр 11:1-ээр хожлоо. Тэгвэл БНАСАУ-ын хүчирхэг багтай гурав дахь тоглолтоо өнөөдөр хийнэ. Монголын хоккейчид одоогоос 15 жилийн өмнө буюу 2010 онд Хойд Солонгосын багт 22:1-ээр хожигдож байсан түүхтэй. Тэр цагаас хойш хоёр дахь удаагаа дахин таарч буй нь энэ. Тоглолт орон нутгийн цагаар 13:00, Улаанбаатар цагаар 03:00 цагт болох юм.
Өчигдөр болсон тоглолтод хойдууд Хонконгийг 9:5-ээр, талбайн эзэн Мексикийн баг Филиппинийг 9:1-ээр буулган авчээ. Хоёр тойргийн хүснэгтийг гурван баг зургаан оноотой болсон ч БНАСАУ-ын хоккейчид гоолын зөрүүгээр тэргүүлж байна.
Монголын баг дөрөв дэх тоглолтоо тавдугаар сарын 2-нд талбайн эзэн Мексиктэй орон нутгийн цагаар 20:30, Улаанбаатарын цагаар 10:30 цагт тоглох юм. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо Хонконгтой хийнэ.