Буцалтгүй тусламжаар сургууль, соёлын төвөө засварлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Тариалан суманд Турк улсын ТИКА төслийн буцалтгүй тусламжаар сургуулийн хуучин барилга болон соёлын төвийг зассан байна.
Сургуулийн хуучин барилгыг 360 сая төгрөгөөр, соёлын төвийн барилгыг 300 сая төгрөгөөр тус тус засч тохижуулан ашиглалтад хүлээлгэн өгчээ. Сумын соёлын төвд өвлийн цагт үзвэр үйлчилгээ үзэх гэхээр даарч бээрээд хэцүүддэг байсан бол төслийн хөрөнгөөр засвар хийж, дээрээс нь төвийн нэгдсэн халаалтад холбосноор даарахын зовлон ард хоцорсон байна. Харин тус суманд 640 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн шинэ байр баригдсан тул ТИКА төслийн хөрөнгөөр засвар хийгдсэн 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн хуучин байраа дотуур байр болгон ашиглахаар болжээ.
Увс аймгийн Тариалан суманд ихэвчлэн хотон ястнууд амьдардаг бөгөөд исламын шашныг шүтдэг юм. 1670-аад оны үед Зүүнгар улсын хаан Галдан бошигт цэрэг дайны хүнсээ бэлтгэх зорилгоор 1000 гаруй турк иргэнийг олзлон ирж Хархираа уулын бэлээр нутаглуулан тариа ногоо тариулах болсон гэдэг. Эдгээр иргэд нь одоогийн Тариалан суманд оршин суудаг бөгөөд хүн амын тоо 5000 хол гараад байна. Тус суманд Турк улсын зүгээс байнга тусламж дэмжлэг үзүүлдэг аж.
Увс аймаг Б.Батхүү