Чэндүгийн цувралд Монголоос дөрвөн баг өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 2025 оны улирал Японы Үцүномияа хотод болсон тэмцээнээр эхэлсэн билээ.
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохиодог энэхүү дэлхийн цуврал тэмцээний хоёр дахь нь Хятадын Чэндү хотод ирэх сарын 3, 4-нд болно. 132 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Монголоос “Улаанбаатар Энержи”, “Баянхайрхан Миг” баг өрсөлдөнө. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн 2025 оны улирал Чендугээс эхэлж байгаа бөгөөд Монголын “Улаанбаатар Амазонс”, “Монголиа” баг оролцох аж.
“Улаанбаатар энержи” баг тэмцээний “С” хэсэгт Японы “Сагамихара”, Литвийн “Раудондварис Хоптранс”-тай багтсан. Бүрэлдэхүүн Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Г.Дөлгөөн, Э.Дөлгөөн нар орсон байна. Харин “Баянхайрхан Миг”-ийн хувьд “D” хэсэгт багтахын төлөө урьдчилсан шатнаас тоглоно. Тэд Японы “Ёкохама”, Сербийн “Врачар” багтай тоглож, ялсан тохиолдолд хэсгийн шатанд шалгарах юм. “Баярхайрхан”-ы хувь Б.Алтангэрэл, Л.Авирмэд, М.Баасандорж, У.Чингүүн нарыг илгээх аж.
Тэгвэл
эмэгтэйчүүдийн анхдугаар цувралд оролцох “Улаанбаатар Амазонс”-ынхон “В”
хэсгийг тэргүүлэх бөгөөд тэдэнтэй Филиппиний шигшээ, Тайландын “Бангкок СТ” тоглох
аж. “Амазонс” баг О.Хулан, М.Булбул, Н.Нандинхүсэл, Б.Ариунцэцэг нарыг
эгнээндээ нэгтгэсэн байна. Харин Монголын шигшээ багийн нэр дор тоглох “Монголиа”-гийн
бүрэлдэхүүнд М.Цэрэнлхам, Ц.Болорцэцэг, Б.Энхтуул, Э.Нарангоо нар багтсан
бөгөөд тэд “C” хэсэгт Хятад, Казахстаны шигшээ багтай хүч үзнэ.