Пара жүдогийн ДАШТ-д манай улсаас найман тамирчин зодоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-01 09:36:50

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Казахстаны Астана хотод пара жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.


Энэ сарын 13-нд эхлэх тус тэмцээнд манай улсаас паралимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Ууганхүүгийн удирдуулсан гурван дасгалжуулагч, нэг эмч, найман тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Тодруулбал, ахлах дасгалжуулагчаар А.Мөнхбат, туслахаар С.Ядамдорж, зөвлөхөөр гавьяат тамирчин Г.Жамсран нар ажиллах бол багийн бүрэлдэхүүнд J1 ангиллын эрэгтэйчүүдийн 70 кг-д спортын мастер Б.Бат-Эрдэнэ, Я.Очирваань, 81 кг-д Г.Чулуунсүх, -95 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Ганбат, +95 кг-д Л.Эрдэнэбилэг нар зодоглоно. Харин J1 эмэгтэйчүүдийн 52 кг-д спортын мастер Т.Сувд-Эрдэнэ, 70 кг-д олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа барилдах бол J2 ангиллын эрэгтэйчүүдийн 81 кг-д спортын мастер Э.Даваадагва зодоглох юм байна. Манай тамирчид өдгөө Төв аймгийн Батсүмбэр суманд байрладаг “Чэмпионс чэмп” баазад бэлтгэлээ хийж байгаа бөгөөд Астанагийн зүг энэ сарын 10-нд хүлгийн жолоо зална.


Пара жүдо бөхийн ДАШТ нь дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд Монголын тамирчдаас Л.Туруунаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн байдаг. Тэрбээр 2022 онд Азербайжаны Баку хотод болсон тэмцээнд финалдаж, мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм.


Харин А.Мөнхбат дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг дэлхийн хараагүйчүүдийн наадмаас алт, мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Түүний хувьд 2015 онд мөнгө авсан бол 2019 онд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлж байлаа.







Связанные новости