Алтайн уулархаг нутаг, говиор салхи шуургатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-05-01 09:07:59

Улаанбаатар, 2025 оны тав дугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.


Нутгийн хойд хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.


Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4-+9 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +8-+13 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +25+30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17-+22 градус, бусад нутгаар +13-+18 градус дулаан байна.


Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар салхи шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

Связанные новости