Есөнбулаг сумын 15.6 км авто замын ажлыг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нар Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дэлгэр сумын авто замын ажлыг эхлүүллээ.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум буюу Алтай хотын хатуу
хучилттай авто замын үргэлжлэл 15.6 км авто замын төсвийг энэ оны улсын төсвийн
хөрөнгө оруулалтаар шийдсэнээр ийнхүү өнөөдөр ажлаа эхлүүлж байна.
Аймгийн төвийн шинэ суурьшлын бүсийн хөгжлийг дэмжих тус
авто замыг 2026 оны 8 дугаар сард ашиглалтад оруулна. Есөнбулаг сум доторх
хатуу хучилттай авто зам нь 6 багийг хамарч байгаа. Ашиглалтад оруулснаар сумын
иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих,
төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх, дэд бүтцийг шинэ шатанд гаргах боломж
бүрдэхийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.
Шинэ замаар иргэдийн эрүүл
мэнд, боловсрол, соёлын үйлчилгээнд хүрэх боломж сайжирч, ЖДҮ, худалдаа
үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг салбар ч сэргэх юм. УИХ-ын дарга уг авто зам нь
зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангах бус ирээдүйн хөгжлийн гарц, бүс нутгийн
уялдаа холбоог сайжруулах ач холбогдолтой дэд бүтцийн хөрөнгө оруулалт гэдгийг тэрбээр тодотгов.
Говь-Алтай аймгийн сумдыг ирэх жилүүдэд аймгийн төвтэй холбох хүрээнд Алтай-Бургастай чиглэлийн авто замын зураг төслийн ажил дуусаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалт амжилттай болжээ. Зам ашиглалтад орсноор Шарга, Бугат, Цээл, Алтай сум аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбогдоно. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсийг эрчим хүчний төв болгохоор шийдээд байгаа.
Говь-Алтай аймагт сэргээгдэх эрчим хүчний судалгааны төвийг ирэх
жилүүдэд барьж эхэлнэ. Ингэснээр Говь-Алтай аймаг авто зам, эрчим хүчний
найдвартай эх үүсвэртэй болж, эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийн салбар хөгжих
боломж нээгдэхийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлжээ.