УВС: “Төвийн бүсийн хурд-2025” хурдан морины уралдаан болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Төвийн бүсийн хурд-2025” хурдан морины уралдааныг энэ сарын 9-нд Увс аймагт зохион байгуулна.
Бүртгэл энэ сарын 8-ны 8.00-20.00 цагийн хооронд явагдах бөгөөд
уралдаан болох өдөр морь бүртгэхгүй аж. Тус уралдаан нь Увс аймгийн энэ жилийн анхны
уралдаан юм.
Нас насны түрүү морьдыг алтан медаль, өргөмжлөл,
мотоцикл, нөмрөгөөр шагнах бол аман хүзүүг мөнгөн медаль, өргөмжлөл, нөмрөг,
мөнгөн шагналаар, айрагдсан морьдыг хүрэл медаль, өргөмжлөл, нөмрөг мөнгөн
шагналаар тус тус шагнах юм.
Харин сонгомол гурван насны түрүү морьдыг алтан медаль,
өргөмжлөл, нөмрөг, мөнгөн шагналаар, аман хүзүүг мөнгөн медаль, өргөмжлөл,
нөмрөг, мөнгөн шагналаар, айрагдсан морьдыг медаль, өргөмжлөл, нөмрөг, мөнгөн
шагналаар шагнах аж.
Их нас, азарга, соёолонг 50 мянган төгрөгөөр бүртгэх бол
хязаалан, шүдлэн, даагыг 30 мянган төгрөгөөр, сонгомол гурван насны морьдыг 50
мянган төгрөгөөр бүртгэнэ.
Уралдааны морьдыг бүртгүүлэхдээ уралдаанч хүүхдийн
төрсөний гэрчилгээг эцэг эхтэй нь хийсэн гэрээний хамт авч очно.